
Зургийг: Luke Sharrett/Bloomberg
Шарсан тахианы сүлжээ KFC АНУ дахь салбарууддаа “Coca-Cola”-ийн ундаагаар үйлчлэхээр тохиролцож, олон жилийн түнш “Pepsico”-г халах нь. АНУ-д ойролцоогоор 4000 салбартай KFC нь нэгдүгээр сараас “Coca-Cola”-ийн ундаанд үе шаттайгаар шилжиж, ирэх оны хавар гэхэд энэхүү шилжилтийн арга хэмжээгээ бүрэн дуусгахаар төлөвлөжээ. Харин бусад улс дахь KFC-ийн салбарууд “Pepsico”-ийн ундаагаар үргэлжлүүлэн үйлчлэх аж.
“Pepsico”-ийн давстай зууш болон Хойд Америк дахь хийжүүлсэн ундааны бизнес нь сорилттой тулгарч буй үед тус компанийн алдаж буй ээлжит түнш нь KFC болж буй.
Үүнээс өмнө долоодугаар сард “Coca-Cola” компанийн зүгээс зочид буудлын сүлжээ “Marriott international”-ийн нийлүүлэгчээр “Pepsico”-г орлохоор гэрээ байгуулснаа зарлаж байв. Түүнчлэн өнгөрсөн онд “Costco Wholesale” дэлгүүр food court-доо “Pepsico”-ийн оронд “Coca-Cola”-аар үйлчлэхээ мэдэгдэж байсан юм.
Пүрэв гарагт Нью-Йоркийн арилжаагаар “Pepsico”-ийн хувьцаа 0.7 хувиар буурсан бол “Coca-cola”-ийнх 0.2 хувь, KFC-ийн толгой компани “Yum! Brands”-ийнх 2.8 хувиар тус тус өслөө.