
Зургийг: Mark Felix/Bloomberg
Ойрх Дорнодоос ОХУ хүртэлх мөргөлдөөнүүд дахин эрчимжсэн нь нийлүүлэлт тасалдах эрсдэлийг нэмэгдүүлснээр газрын тосны үнэ өсөлтөө хадгаллаа. Энэ долоо хоногийн эхний гурван арилжаагаар нийт 1.3 хувиар өссөний дараа брент төрлийн газрын тосны ханш баррель нь 106 ам.доллар орчимд арилжаалагдаж байна. Харин WTI газрын тосны үнэ 94 ам.доллар болжээ.
"Украин хоёр газрын тос боловсруулах үйлдвэрт нь халдсанаар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын дэмжсэн эрчим хүчний гал зогсоох тохиролцоог зөрчсөн" гэж ОХУ лхагва гарагт мэдэгдсэн. Киев уг мэдэгдлийг няцаасан юм. Мөн Bloomberg энэ мэдээллийг бие даан баталгаажуулж чадаагүй байна.
Нийлүүлэлт талаас нь харвал АНЭУ-ын газрын тосны олборлолт өнгөрсөн сард түүхэн дээд түвшинд хүрснийг Олон улсын эрчим хүчний агентлаг мэдээлсэн. OPEC-ийн гишүүн байсан Эмират нь Ормузын хоолойгоор дамжих газрын тосны нийлүүлэлтийг сэргээхэд бүс нутгийн үйлдвэрлэгчдээс хамгийн их ахиц гаргасан орнуудын нэг болоод байгаа юм.
АНЭУ-ын конденсатыг оруулсан нийт газрын тосны олборлолтын хэмжээ өдөрт 400 мянган баррелиар тэлж, нийт 5.3 сая баррельд хүрснийг Олон улсын эрчим хүчний агентлаг тайландаа дурдсан. Түүнчлэн түүхий нефтийн олборлолт нь өдөрт 4.4 сая баррелиас давж, үйлдвэрлэлийн дээд хүчин чадалдаа ойртжээ.