
“LVMH” группийн охин компани, тансаг зэрэглэлийн ноолууран эдлэл үйлдвэрлэгч “Loro Piana”-ийн Улаанбаатар дахь үйлдвэрийг энэ сарын 16-17-ны өдрүүдэд анх удаа олон нийтэд нээлттэй танилцуулах гэж байна. “LVMH Journées Particulières” хэмээх уг арга хэмжээ 2011 оноос хойш дэлхийн олон улс, хотод уламжлал болон зохион байгуулагдаж ирсэн бөгөөд дөрвөн жил завсарлаад байсан юм.
Зургаа дахь удаагийн арга хэмжээ нь дэлхийн 11 улсын 65 байршилд нэгэн зэрэг зохион байгуулагдахаас Улаанбаатар дахь “Loro Piana”-ийн үйлдвэр нэг нь болж байна. Энэ нь “Loro Piana”-ийн Италиас гадна үйл ажиллагаа явуулдаг цорын ганц үйлдвэр бөгөөд 1999 онд байгуулагдсанаасаа хойш монгол малчдаас түүхий ноолуур худалдан авч хамгийн нарийн, өндөр чанартай утас, даавуу үйлдвэрлэхэд бэлэн болгож боловсруулсаар иржээ.
Монголд анх удаа зохион байгуулагдаж буй энэхүү нээлттэй арга хэмжээний хүрээнд “LVMH”-ийн тансаг бүтээлүүдийг амилуулдаг "Savoir-Faire" буюу уламжлалт ур чадвар, гар урлалын арга ухаантай танилцах боломжтойг компани мэдээлж байна. Мөн Capra hircus буюу бэлчээрийн ямааны ноолуурыг боловсруулах үе шатаас эхлээд түүхий ноолуурыг ангилж, угааж, чанарын хяналт хийж, Итали руу тээвэрлэхэд бэлэн болгох хүртэлх мэргэжлийн онцгой нарийн ур чадвар шаардсан боловсруулалтын үе шатуудтай танилцах боломжийг олгох аж.
Эндээс монгол ноолуур дэлхийн тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүний нийлүүлэлтийн сүлжээнд ямар шат дамжлагаар оролцож, ямар үнэ цэн бүтээж буйг харж болох юм.
“LVMH” группийн үйл ажиллагаа зургаан чиглэлд төвлөрдөг бөгөөд “Loro Piana” нь тансаг зэрэглэлийн зах зээлийн хамгийн дээд сегментэд үйл ажиллагаа явуулдаг, түүхий эдийн чанар болон ур чадвараар ялгардаг брэнд гэдгээрээ танигджээ.
Дэлгэрэнгүй мэдээллийг pressoffice@loropiana.com хаягнаас авах боломжтой.