
Зургийг: Akio Kon/Bloomberg/Bloomberg
(Bloomberg) -- “Toyota Motor” компани Япон улсад онцгой нэр хүндийн илэрхийлэл болдог хамгийн тансаг зэрэглэлийн "Century" брэндийн автомашинаа дэлхий даяар худалдаалахаар бэлтгэж байна.
Тус компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Акио Тоёода өнгөрсөн долоо хоногт Детройт хотноо Автомашины салбарын Алдрын танхимын гишүүн болох ёслолын үйл ажиллагаанд шинэ загварын "Century SUV" хөлөглөн иржээ. Яагаад энэ автомашиныг сонгосон талаар сэтгүүлчийн асуултад “Toyota Motor”-ийн Технологи хариуцсан захирал Хироки Накажима "Бид “Century”-ийн шинэ загварыг үзүүлэхийг зорьсон. Олон улсад гаргах загвар нь учраас Детройт дахь авто салбарын төлөөлөгчдийн сэтгэгдэл хэрэгтэй байсан юм" хэмээн хариулсан байна.
1960-аад оноос хойш Японы Эзэн хааны гэр бүлийнхэн, Ерөнхий сайдууд, хүчирхэг компанийн захирлуудын унаа байсаар ирсэн "Century" нь Японд лимузин ангиллын цор ганц загвараар худалдаанд гардаг байсан юм. Харин гурван жилийн өмнө Toyota уг автомашины овор томтой SUV ангиллын шинэ загварыг танилцуулжээ. Түүнчлэн өнгөрсөн аравдугаар сард хоёр хаалгатай "coupe" концепт загварыг нь танилцуулж, салбарын хэвлэлүүдийн анхаарлыг татаж байлаа.
"Century"-ийн SUV загварын үнэ Японд 27 сая иен буюу 171,651 сая ам.доллароос эхэлж байгаа нь “Toyota Motor”-ийн хамгийн өндөр үнэтэй суудлын автомашинд тооцогдох юм. Хэдий тийм боловч Европын ойролцоо ангиллын автомашинуудаас харьцангуй хямд байна. Тухайлбал: “Bentley”-ийн "Torcal SUV" 230 мянган ам.доллароос, “Rolls-Royce” компанийн "Ghost" седан 355 мянган ам.доллароос тус тус эхэлдэг.
Өнгөрсөн онд “Toyota Motor” Японд "Century"-ийн 500 орчим автомашин борлуулсан байна. Мөн БНХАУ болон Ази, Ойрх Дорнодын зарим орнуудад цөөн тооны "Century SUV" нийлүүлснээс гадна албан бус худалдааны саарал зах зээл ч бий болжээ. 2015 онд Жеффри Эпштейн "Century" автомашин худалдаж авахаар оролдсон ч зохицуулалт, хүнд суртлын асуудлаас шалтгаалан авч чадаагүйг АНУ-ын Хууль зүйн яамны ил болгосон цахим шуудангууд харуулж байна.