
Зургийг: Vanessa Leroy/Bloomberg
(Bloomberg) -- Covid-19 цар тахлын үед шинжлэх ухаанд итгэх олон нийтийн итгэл эрс нэмэгдсэн ч өдгөө энэ ахиц үндсэндээ үгүй болсныг томоохон судалгааны үр дүн харуулж байна. Ялангуяа санхүүгийн хүндрэлтэй тулгарсан иргэдийн дунд итгэл хамгийн эрчимтэй буурчээ.
Насанд хүрсэн 140 мянга гаруй иргэнийг хамруулсан “Wellcome Global Monitor 2026”-судалгааны тайланд онцолсноор шинжлэх ухаанд тодорхой хэмжээнд итгэдгээ илэрхийлсэн иргэдийн эзлэх хувь 2018 онд 77, 2020 онд 80 хувь байсан бол 2025 онд 72 хувь болж багассан байна. Түүнчлэн шинжлэх ухаанд “маш их” итгэдэг иргэдийн хувь цар тахлын өмнөх түвшнээсээ буурсан үзүүлэлттэй гарчээ
Вакцинжуулалтын түвшин хумигдаж, урьдчилан сэргийлэх боломжтой өвчлөлүүд дахин нэмэгдэж буй энэ үед шинжлэх ухаанд итгэх итгэл ийнхүү буурсан нь нийгмийн эрүүл мэндэд өргөн хүрээний сөрөг үр дагавар дагуулж болзошгүй юм. Түүнчлэн цахим орчинд тархах хуурамч мэдээлэл, хуйвалдааны онолууд эрүүл мэндийн аюул эрсдэлд хариу арга хэмжээ авахад хүндрэл учруулж байна.
Шинжлэх ухаанд итгэх итгэл санхүүгийн хүндрэлтэй иргэдийн дунд сул байгаа нь судалгааны өөр нэг онцлох үр дүн байв. 2025 онд амьдралын чанар хангалттай, тав тухтай гэж өөрсдийгөө үнэлсэн хүмүүсийн 39 хувь нь шинжлэх ухаанд “маш их” итгэдэг гэж хариулсан бол амьжиргаагаа залгуулахад хүндрэлтэй хүмүүсийн дунд энэ үзүүлэлт 20 хувь байжээ.
“Санхүүгийн хүндрэлтэй тулгарсан хүмүүс шинжлэх ухааныг өөрсдөд нь үр өгөөжөө өгдөггүй өргөн хүрээний тогтолцооны нэг хэсэг гэж хүлээн авч байж болзошгүй” хэмээн Лондонд төвтэй эрүүл мэндийн судалгааны “Wellcome” сангийн Гүйцэтгэх захирал Жон-Арне Рёттинген онцолсон байна