
Зургийг: Igor Ivanko/Bloomberg
ОХУ-ын Эрхүү хотын Тарваган тахал судлалын хүрээлэнгийн лаборант уг өвчнөөр нас барсан байж болзошгүй гэх мэдээлэл гарсан ч тарваган тахлын сэжигтэй тохиолдол батлагдаагүйг ОХУ-ын холбогдох байгууллага Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төвд цахим шуудангаар мэдэгджээ.
Шалгалтаар лаборантын ажилтай холбоотой эмгэг төрүүлэгч бичил биетэн илрээгүй бөгөөд “шалтгаан тодорхойгүй уушгины хатгалгаа” гэсэн онош тавьсан байна. Мөн лабораторид халдвар үүсгэгчтэй ажиллах явцад осол, био аюулгүй ажиллагааны зөрчил гараагүй, Эрхүү болон Шелехов хотын халдвар судлалын нөхцөл байдал хэвийн байгааг мэдээлжээ.
Үүнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн яам, Гаалийн Ерөнхий Газар болон мэргэжлийн байгууллагууд эрсдэлийн түргэвчилсэн үнэлгээ хийж, Монгол Улсад үүсэх эрсдэлийг “бага” гэж дүгнэжээ.
Өөрөөр хэлбэл одоогоор тарваган тахлын батлагдсан тохиолдол болон Монгол Улсад шууд аюул учруулах нөхцөл тогтоогдоогүй байна. Хэдий тийм боловч эрүүл мэндийн байгууллагууд ОХУ-аас албан ёсны мэдээлэл тогтмол авах, цахим тандалт үргэлжлүүлэх, хилийн нэвтрэх цэгүүдийн бэлэн байдал, эрүүл мэндийн хяналтыг сайжруулах чиглэл өгсөн болохыг онцоллоо.