
Зургийг: themoscowtimes.com
ОХУ-ын Сибирийн бүс нутагт лабораторийн туршилтын явцад алдаа гарснаар аюултай байж болзошгүй халдвар алдагдсан байна.
TASS агентлагийн мэдээлснээр пүрэв гарагт Эрхүү мужийн Шелехов хотод тахлын эсрэг судалгааны хүрээлэнгийн нэг судлаач халдварт өвчнөөр нас барсан байна. Тэрбээр шинжилгээнд зориулан дээж цуглуулах үеэр амьд бактери агуулсан туршилтын хуруу шилийг хагалсан гэж эмнэлгийн ажилтнуудад тодотгожээ.
Түүнийг мягмар гарагт уушгины хатгалгааны хүнд шинж тэмдэгтэйгээр эмнэлэгт хэвтүүлсэн бөгөөд улмаар амьсгалын аппарат залгасан ч пүрэв гарагт нас барсан байна. Үүний дараа ойрын хавьтал болсон 200 орчим хүнийг эмнэлгийн хяналтад авчээ.
Сүүлийн байдлаар Эрхүү мужийн таван эмнэлэгт хөл хорио тогтоож, ойролцоох хөнгөн цагааны үйлдвэрт амны хаалт заавал зүүх журам нэвтрүүлсэн талаар эх сурвалжууд мэдээллээ.
Хэдий тийм боловч ОХУ-ын хэрэглэгчийн эрхийг хамгаалах хяналтын байгууллагаас халдварт өвчин тарсан гэх мэдээллийг няцааж, тухайн эмэгтэй тодорхойгүй шалтгаантай уушгины хатгалгаагаар нас барсан гэж мэдэгдсэн ч тэрхүү тайлбар нь өмнөх мэдээллүүдээс зөрж байгаа аж.
Үүнтэй холбоотойгоор АНУ-ын Төрийн Департмент ОХУ-ын эрх баригчдыг үнэн зөв мэдээллийг шуурхай, нээлттэй хуваалцахыг уриаллаа.