
Зургийг: Daniel Heuer/Bloomberg
(Bloomberg) -- Хиймэл оюуны эрсдэлийн талаар дэлхий нийтийн болгоомжлол нэмэгдэж буй энэ үед АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Цагаан ордонд салбарын удирдлагуудыг хүлээн авсан байна. Үүний дараа тэрбээр Холбооны Засгийн газрын түвшинд шинэ журам нэвтрүүлэх саналыг няцаалаа.
Харин оронд нь компаниуд хөндлөнгийн аудитын байгууллагуудтай хамтран загваруудын аюулгүй байдлыг үнэлж, системийн дотоод хяналтыг чангатгах талаар баримт бичиг боловсруулах төлөвлөгөөг дэмжсэн байна.
Дональд Трамп болон технологийн салбарын удирдлагууд мягмар гарагт болсон хиймэл оюуны эрсдэлийн асуудлаарх үдийн зоогийн дараа тус баримт бичигт гарын үсэг зуржээ. АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга Майк Жонсон тэрхүү баримт бичгийг салбарын компаниудын өгсөн “сайн дурын амлалт” гэж тодорхойлж буй. Үүнд дотоодын хатуу хяналт тогтоохын зэрэгцээ дотоод болон хөндлөнгийн олон шатны хяналт, үнэлгээ хэрэгжүүлэхээр тусгажээ.
Цагаан ордонд болсон оройн зоогт “Anthropic”-ийн Гүйцэтгэх захирал Дарио Амодей, “Nvidia”-ийн Гүйцэтгэх захирал Женсен Хуан тэргүүтэй Цахиурын хөндийн 20 орчим удирдах албан тушаалтан оролцсон байна. Арга хэмжээний дараа Дональд Трамп “Хиймэл оюуны эрсдэлээс америкчуудыг хамгаалахад одоо мөрдөгдөж буй хууль тогтоомж хангалттай” гэж мэдэгджээ.
“Anthropic PBC”-ийн Гүйцэтгэх захирал Дарио Амодей
Хиймэл оюуны салбарт хэн тэргүүлнэ, тэр л ялна. Үүнийг би маш чухал гэж боддог. Гэхдээ энэ технологи бодит эрсдэлүүд дагуулж байна. Эдгээр эрсдэлийг ямар арга замаар шийдвэрлэх талаар одоо хэлэлцэж байна. Хэдий тийм боловч бид ялалт байгуулахын зэрэгцээ аюулгүй байдлаа хангахын тулд бүгд хамтран ажиллах хэрэгтэй. Хэрэв бид үүнийг зөв хийж, Ерөнхийлөгч болон энд байгаа бүх хүнтэй хамтран ажиллавал аюулгүйгээр ялж чадна.
“Nvidia-ийн Гүйцэтгэх захирал Женсен Хуан
Энэ бол түүхэн дэх хамгийн том аж үйлдвэрийн хувьсгал. Бид хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн өргөн хүрээтэй дэд бүтцийн бүтээн байгуулалтыг өрнүүлж байна. Үр дүнд нь АНУ-д нэг сая ажлын байр бий болно. Чипийн үйлдвэрүүд, компьютерын үйлдвэрүүд болон бусад үйлдвэрлэлийн байгууламж шинээр баригдаж байна. Ингэснээр асар олон ажлын байр бий болох юм.
“Meta Platforms”-ийн Гүйцэтгэх захирал Марк Закерберг
Гол санаа нь америкчууд болон хэрэглэгчдэдээ хиймэл оюуны технологи бидний зорьсны дагуу ажиллаж байгаа гэдэг итгэл төрүүлэх юм. Компани болгон хоорондоо бага зэрэг ялгаатай бүтээгдэхүүн, технологи хөгжүүлж байна. Тэгэхээр хүн бүр яг юу бүтээх ёстойг заасан нэгдсэн стандарт тогтооход хүндрэлтэй. Учир нь хүмүүс өөр өөр зүйл хийхийг хүснэ. Гэхдээ бидний бүтээж буй технологи зорьсны дагуу ажиллаж байгаа эсэхийг Америкчууд болон хэрэглэгчид мэдэхийг хүснэ гэдэгтэй бүгд санал нэгдэх байх аа.
“Tesla”-ийн Гүйцэтгэх захирал Илон Маск
Ажлын байрнууд өөрчлөгдөнө. Ерөнхийдөө үргэлж өөрчлөгдсөөр ирсэн. Тухайлбал: “тооцоолол” нь өмнө нь хүний хийдэг ажил байсан. Бүхэл бүтэн барилга дүүрэн хүн тооцоолол хийдэг байлаа. Харин одоо эдгээр ажлыг компьютер гүйцэтгэж байна. Банкны хүү бодох зэрэг тооцооллыг өдөржин гараар хийдэг байсан үе рүүгээ буцахыг хүсэж байгаа хүн байгаа гэж би бодохгүй байна.