
Зургийг: Andrew Harnik/Bloomberg
(Bloomberg) -- АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин нарын албан ёсны хэлэлцээ орон нутгийн цагаар пүрэв гарагт тохиох товтой байна. Их гүрнүүдийн Төрийн тэргүүн нар уулзалтаараа худалдаа, хиймэл оюун, Ираны дайн, Тайвань зэрэг зөрчилдөөнтэй сэдвийг хөндөх юм.
Ши Жиньпиний айлчлал эхэлсэнтэй зэрэгцэн АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент БНХАУ болон АНУ-ын худалдааны тарифыг бууруулах зорилгоор өнгөрсөн онд байгуулсан хэлэлцээрийг 2027 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр хүртэл сунгасныг зарлалаа.
Албан ёсны хэлэлцээний дараа Цагаан ордонд хүндэтгэлийн оройн зоог барина. Тэрхүү арга хэмжээнд нийт хөрөнгийн хэмжээ нь 2.2 их наяд ам.доллароор хэмжигдэх АНУ-ын тэргүүлэх технологийн компаниудын удирдагчид уригдсан байна. Тухайлбал: “Tesla”-ийн Гүйцэтгэх захирал Илон Маск, “Meta Platforms”-ийн Гүйцэтгэх захирал Марк Закерберг, “Amazon”-ийн үүсгэн байгуулагч Жефф Безос тэргүүтэй эрхмүүд багтжээ.
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпинийг АНУ-д хүрэлцэн очиход Дональд Трамп биечлэн угтан авсан нь геополитик судлаачдын анхаарлыг татаж буй. Энэ нь Ромын Папын айлчлалуудыг эс тооцвол АНУ-ын Ерөнхийлөгч гадаад улсын Төрийн тэргүүнийг өөрийн биеэр угтан авсан 1962 оноос хойших анхны тохиолдол болж байгаа юм.
Үүний дараа БНХАУ-ын Гадаад хэргийн яамнаас гаргасан мэдэгдэлд энэ удаагийн айлчлал "үр дүнтэй болно гэдэгт итгэлтэй" байгааг дурджээ.