
Зургийг: president.mn
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мягмар гарагт Нью-Йорк хотноо эхлэх НҮБ-ын Ерөнхий ассамблейн 81 дүгээр чуулганд оролцохоор АНУ-ыг зорилоо.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар Монгол Улсын байр суурийг илэрхийлж үг хэлнэ. Мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш болон зарим улсын Төрийн тэргүүнтэй уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцахаар төлөвлөж байна.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд 133 улсын Төр, Засгийн тэргүүн оролцохоо мэдэгдээд байгаа аж.
НҮБ-ын Ерөнхий ассамблейн 81 дүгээр чуулган нь геополитикийн хурцадмал байдал, зэвсэгт мөргөлдөөн, хөгжлийн санхүүжилтийн дарамт, технологийн хурдацтай өөрчлөлт, дэлхийн дулаарал гэх мэт олон сорилт нэгэн зэрэг тулгарсан үед тохиож байгаагаараа онцлог болж байна.
Ирантай хийж буй дайн найм дахь сар руугаа дөхөж буй энэ үед АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп чуулганаар дэлхийн удирдагчдад хандан үг хэлэхээс гадна хэд хэдэн улсын удирдагчидтай уулзахаар төлөвлөөд байгаа аж. Тухайлбал: мягмар гарагт Венесуэл улсын Ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Делси Родригестой уулзана. Энэ нь АНУ-ын тусгай ажиллагаагаар тус улсын Ерөнхийлөгч Николас Мадурог баривчилснаас хойших Делси Родригес болон Дональд Трамп нарын анхны нүүр тулсан уулзалт болох юм.
НҮБ-ын Ерөнхий ассамблейн 81 дүгээр чуулганы хүрээнд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Дани болон Гринландын Ерөнхий сайд нар өнгөрсөн долоо хоногт зарласан аюулгүй байдлын хэлэлцээрт гарын үсэг зурна. Бүс нутагт Вашингтоны оролцоог нэмэгдүүлэх хэлцлийг байгуулснаар АНУ-д газар нутаг шилжүүлэн өгөлгүйгээр, олон жил үргэлжилсэн дипломат маргааныг эцэслэх юм.
Түүнчлэн Дональд Трамп Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй уулзаж, эрчим хүчний дэд бүтцэд хийх халдлагыг зогсоох асуудлаар шахалт үзүүлэх төлөвтэй байна.
Үүнээс гадна Ираны Ерөнхийлөгч Масуд Пезешкиан тэргүүтэй Техраны төлөөлөгчид НҮБ-ын Ерөнхий ассамблейн 81 дүгээр чуулганд оролцох хэдий ч АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзах эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм.