
Зургийг: F. Carter Smith/Bloomberg
- Өнөөдрийн онцлох үйл явдал бол Иракт болсон дроны халдлагын дараа Саудын Араб Дорноос Өрнийг чиглэх газрын тос дамжуулах хоолойгоо хаасан явдал байлаа. Түүхий газрын тосны үнэ баррель нь 108 ам.доллар хүрч, Ираны дайн эхэлснээс хойш шингэрүүлсэн байгалийн хийн үнэ хоёр дахин өссөн энэ үед уг шийдвэр ямар үр дагавартай гэж үзэж байна вэ?
- Тээвэрлэлт саатах болон эрэлт, нийлүүлэлтийн харьцаа өөрчлөгдөхөд үнэ үргэлж хэлбэлздэг. АНУ дэлхийд газрын тос, байгалийн хий үйлдвэрлэлээр тэргүүлэгчийн хувьд арвин нөөцөөсөө аль болох ихийг, боломжит бүх улсад нийлүүлэхийг зорьж байна. Ерөнхийлөгч гадаад ертөнцөд энх тайван тогтоож, харилцан ашигтай худалдааг аль болох өргөжүүлэхийг зорьж байна. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд бид боломжтой бүхнийг хийж байна. АНУ зөвхөн 2025 онд л гэхэд өдөрт 17 тэрбум шоо футээс давсан хэмжээний нэмэлт шингэрүүлсэн байгалийн хийн экспортод шинээр зөвшөөрөл олгож бас сунгасан. Бид үнийг бууруулж, дэлхийн эрчим хүчний гол нийлүүлэгч болохын тулд бүх төрлийн үйлдвэрлэлээ аль болох хурдтай нэмэгдүүлж байна.
- Гэхдээ боломжтой бүхнээ хийж байгаа нь хангалтгүй хэвээр байна. Би саяхан Пакистаны нэгэн төлөөлөгчтэй ярилцахад АНУ илүү хурдан, илүү олон арга хэмжээ авах шаардлагатай гэж хэлсэн. Учир нь Пакистан шиг улс орнууд цахилгаан эрчим хүчний хэвийн нийлүүлэлтээ ч хадгалж чадахгүй байна шүү дээ.
- АНУ үйлдвэрлэл болон экспортын хүчин чадлаа нэмэгдүүлж буй хурд үнэхээр өндөр байна. Дэд бүтцийг бодитоор барьж байгуулахад тодорхой хязгаарлалт байдгийг харгалзан үзвэл энэхүү өргөтгөлийг Ерөнхийлөгч Дональд Трампаас илүү эрчимтэй дэмжиж чадах хүн байсан гэж би бодохгүй байна. Тэрбээр албан тушаалаа авсан даруйдаа шингэрүүлсэн байгалийн хийн экспортын зөвшөөрөлд тавьсан түр хязгаарлалтыг зогсоож, нэмэлт экспортын төслүүдэд зөвшөөрөл олгож эхэлсэн. Үүнийг АНУ-ын арвин их эрчим хүчийг дэлхий даяар нийлүүлэхийн тулд хийсэн. Эрчим хүчний хямд үнэ эдийн засгийн өсөлтийн суурь болдог учраас манай засаг захиргаа үнийн түвшнийг доогуур хадгалж, дэлхийн өнцөг булан бүрд байгаа анд нөхөд, холбоотнуудаа дэмжихийг зорьж байна.
- АНУ-ын төлөвлөгөө Венесуэлийн газрын тосноос хэр зэрэг хамаарч байна вэ? Та бүхэн 65 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр амласан ч түүхий эд газрын гүндээ байсаар л байна.
- Венесуэлийн газрын тосны салбарт асар их боломж байгааг бид бүгд мэднэ, тийм биз? Ер нь дэлхийн бөмбөрцгийн баруун хагас байгалийн нөөцөөр асар баялаг. Гэхдээ бидний төлөвлөгөө зөвхөн нэг эх үүсвэрээс хамаардаг гэж хэлж болохгүй. Эдийн засгийн хувьд үр ашигтай, техникийн хувьд хэрэгжих боломжтой бүх газарт олборлолтыг аль болох нэмэгдүүлэх нь бидний зорилго.
- Венесуэлийн газрын тосны олборлолтыг хэр хурдан нэмэгдүүлэх боломжтой гэж та үзэж байна вэ?
- Үүнд шууд хариулахад хэцүү. Шаардлагатай дэд бүтцийг шинээр барих хэрэгтэй. Венесуэл өмнө нь байсан дэд бүтцээ хангалттай сайн арчилж, хадгалаагүй. Тиймээс тэнд ажиллах компаниуд нөхцөл байдлыг үнэлж, олборлолтыг сэргээх ердийн үе шатуудыг хэрэгжүүлэх шаардлагатай. Миний хувьд үүнийг аль болох хурдан хэрэгжээсэй гэж найдаж байна.
- Ойролцоогоор таамаглаад хэлж болох уу? Миний үзсэн зарим тайланд үүнд 10 хүртэлх жил шаардагдаж магадгүй гэсэн байсан. Энэ бол хэтэрхий урт хугацаа.
- Тийм урт хугацаа шаардагдана гэж бодохгүй байна. Гэхдээ одоо хугацаа хэллээ гэхэд тэр нь зөвхөн таамаг төдий шүү дээ.
- Үүнийг Венесуэлийн иргэд эсэргүүцэж магадгүй гэж зарим хүн үзэж байна. Тэд ийм төлөвлөгөөг хууль бус гэж үзэж байгаа тухай мэдээлэл ч гарсан. 10 жил гэдэг урт хугацаа. Тэр үед Венесуэл улс өөр Засгийн газартай болсон байж болохоос гадна Ерөнхийлөгч Дональд Трамп ч эрх мэдэлдээ байхгүй байж болно.
- Венесуэлд хариуцлагатай, зөв зохистой олборлолт явуулснаар бий болох элбэг дэлбэг нийлүүлэлт нь тус улсын нийт иргэдийн амьдралыг сайжруулна гэж бодож байна. Үүний үр өгөөжийг харьцангуй богино хугацаанд мэдрэх боломжтой гэж хэлэх байна.
- Дэлхий нийт газрын тосны үнийг анхааралтай ажиглаж байна. Одоогоор баррель нь 108 ам.доллар байна. АНУ олборлолтоо нэмэгдүүлснээр дэлхийн эдийн засагт хохирол учруулж болзошгүй 150 ам.долларын түвшинд хүрэхээс сэргийлж чадах уу?
- Зарим хүн газрын тосны үнэ одоогийнхоос хавьгүй өндөр болно гэсэн тун сөрөг таамаг дэвшүүлж байсныг сануулмаар байна. Бид үнийн өсөлтийн нөлөөг бууруулахын тулд боломжит бүх арга хэрэгслээ ашиглаж байна. АНУ-ын газрын тосны олборлолт жил дараалан нэмэгдэж байгаа бөгөөд ирэх жил ч дахиад өснө. АНУ нийлүүлэлтийн дутагдлыг нөхөж, олборлолтоороо үнийг тогтоон барихын зэрэгцээ аль болох олон хэрэглэгчид бүтээгдэхүүнээ хүргэхийн тулд боломжтой бүхнийг хийх болно. Үнийг хямд байлгаж, эрчим хүчийг өргөн хүрээнд хүртээмжтэй болгох нь бидний үндсэн зорилго.
- Стратегийн газрын тосны нөөц зах зээлд хэр хэмжээний хамгаалалт үзүүлж, хэр удаан хүрэлцээтэй байх боломжтой вэ?
- Нөөцийг ямар давтамж, хэмжээтэйгээр зах зээлд гаргахаас шалтгаална. Үүнийг урьдчилан яг таг хэлэх боломжгүй. Одоогоор гишүүн орнуудтай хамтран нөөцөөс зохицуулалттайгаар гаргаж, үнийн өсөлт болон огцом хэлбэлзлийн нөлөөг зөөлрүүлэхийг хичээж байна. Нөөц тодорхой хугацаанд хүрэлцэх болно. Бид бодлоготой, зохистой ашиглахад анхаарч байна.
- Дэд сайд Данли, цөмийн эрчим хүчний талаар сүүлийн үед их яригдаж байна. АНУ энэ технологийг Азийн орнуудтай хуваалцах ажил ямар шатандаа явагдаж байна вэ?
- Бид энэ чиглэлээр урагштай байгаа. Бүс нутгийн орнуудтай цөмийн технологи хуваалцах хэд хэдэн гэрээ байгуулсан. Гигаваттын хүчин чадалтай уламжлалт реактор болон шинээр хөгжүүлж буй жижиг модульчлагдсан реакторын технологийг аль болох өргөн хүрээнд хуваалцах сонирхолтой байна. Долоодугаар сарын дөрвөнд бид дөрвөн шинэ реакторын загварыг цөмийн урвал тогтвортой үргэлжлэх шатанд хүргэсэн. Цаашид хөгжүүлж буй өөр төслүүд ч бий. Цөмийн технологийг хуваалцах нь дэлхийн эрчим хүчний салбарыг үндсээр нь өөрчлөх томоохон хүчин зүйл болно гэж бодож байна. Азийн энэ хэсэгт эрчим хүчний эрэлт хурдацтай нэмэгдэж байгаа нь тодорхой байна. Энэхүү эрэлтийг цөмийн эрчим хүчээр хангах нь бүс нутгийн хувьд том өөрчлөлт авчирна. Энэ чиглэлд өндөр сонирхол байгааг харахад таатай байгаа.
- Гол нь хурд хамгийн чухал. БНХАУ дэлхийн бусад улсаас илүү хурдан, хямд үйлдвэрлэж байна. БНХАУ энэхүү зах зээлд давамгайлахаас өмнө АНУ технологио дэлхийн бусад оронд түгээх үйл явцаа хурдасгаж чадах уу?
- Жижиг модульчлагдсан реакторын гол давуу тал нь нэг бүрчлэн аварга бүтээн байгуулалт хэлбэрээр барих бус, үйлдвэрт ижил загвараар олноор үйлдвэрлэх боломжтойд оршино. Нэг загварыг олон дахин үйлдвэрлэх тусам ажиллагаа нь стандартчилагдаж, өртөг нь буурна. Улмаар үйлдвэрлэлийн хэвийн, тогтсон үйл ажиллагааны нэг хэсэг болно. Ингэснээр нийлүүлэлт нэмэгдэж, хүн бүрд илүү хүртээмжтэй, хямд болно. Ийм үе удахгүй ирнэ.
- Тэгэхээр БНХАУ илүү хурдтай байж, технологи болон нөлөөгөө тэлж байгаад та санаа зовнихгүй байна уу?
- АНУ-ын жижиг модульчлагдсан реакторын технологи чанар сайтай учраас эцэстээ зах зээлд давамгайлна гэж бодож байна. Одоо хөгжүүлж буй реакторуудын ашиглалтын шинж чанар, түлш, түлшний цикл болон суурилагдсан хүчин чадал нь харилцан адилгүй. Ийм олон төрлийн ажиллагаатай учраас реактор бүр зах зээлийн өөр өөр хэрэгцээнд тохирно. Энэ нь АНУ-ын хөгжүүлж буй жижиг модульчлагдсан реакторуудын гол давуу талын нэг. Эцэст нь зах зээл аль технологийг сонгохоо өөрөө шийднэ.
- Өнгөрсөн амралтын өдрүүдэд Шинэ Делид болсон үйл явдал таны санааг чилээж байна уу? BRICS-ийн орнууд нэгдэж, БНХАУ, БНЭУ-ын харилцаа улам л зузаарч байна. Энэ нь тэдний эрчим хүчний аюулгүй байдал болон харилцаанд хэрхэн нөлөөлөх бол? Вашингтон тус үүнийг хэрхэн харж байна вэ?
- Манай эрчим хүчний бодлогын хамгийн чухал хэсэг нь дэлхий нийтэд зориулан аль болох их хэмжээгээр эрчим хүч үйлдвэрлэж, харилцан ашигтай худалдаа хийх явдал. Аль нэг улс АНУ-тай худалдаа хийхийг хүсвэл бид нээлттэй хүлээн авч, хамтран ажиллахад бэлэн. Гэхдээ харилцан ашигтай нөхцөлд. Эцсийн дүндээ АНУ-ын инновац, мөн хямд бөгөөд арвин эрчим хүчний нөөц давуу тал бий болгоно гэж бодож байна. Ерөнхийд нь энэ асуудлыг ингэж л харж байна даа.
- Филиппин, Индонез зэрэг олон ч хөгжиж буй зах зээлтэй Зүүн Өмнөд Азийн талаар асууя. Эдгээр улсын АНУ-тай харилцах байр суурь, амлалтаас хэр хэмжээний тодорхой байдал ажиглаж байна вэ?
- Эрчим хүчний худалдаа, үйлдвэрлэлийн чиглэлээр АНУ-тай идэвх, сонирхолтойгоор хамтран ажилладаггүй бүс нутаг дэлхийд тун цөөн. Бид аль болох олон худалдааны хэлэлцээр байгуулахын тулд төрийн бүх байгууллагын түвшинд тогтмол хамтран ажиллаж байна. Эрчим хүчний эрэлт эрчимтэй нэмэгдэж байгаа учраас энэ бүс нутагт онцгойлон идэвхтэй ажиллаж байгаа. Эрэлт жилд 1.5-2 хувиар нэмэгдэнэ гэж ерөнхийд нь төсөөлье. Би яг тодорхой тоо хэлэхээс болгоомжилсон нь дээр байх. Хэдий тийм боловч өсөлт маш эрчимтэй байгаа нь үнэн. Харин энэ эрэлтийг хэн нэгэн нь хангах л ёстой. Тиймдээ ч АНУ хамтран ажиллахыг хүссэн бүх улсын түнш болоход бэлэн.
- Энэ бүс нутгийн орнууд хямд хувилбар эрэлхийлж, урт хугацааны шийдэл нь сэргээгдэх эрчим хүч гэж үзэж байна. Харин АНУ энэ чиглэлд бүрэн итгэлтэй биш байгаа мэт харагддаг шүү дээ. Та энэ дээр ямар байр суурьтай байна?
- Сэргээгдэх эрчим хүчний давуу талыг зарим талаар хэтрүүлэн үнэлдэг. Цахилгаан хэрэглээний оргил ачааллыг хангахын тулд шаардлагатай үед шууд ажиллуулах боломжтой эх үүсвэр заавал хэрэгтэй. Нар жаргаж, салхи намжсан үед ч ажиллах цахилгаан үйлдвэрлэлийн хүчин чадал шаардлагатай. Үүнийг цөмийн эрчим хүчээр хангаж болно. Мөн газрын тос, нүүрс, байгалийн хий ашиглах боломжтой. Сэргээгдэх эрчим хүчийг дэмжих дамжуулах сүлжээнүүд, сэргээгдэх эх үүсвэрүүдийн энгийн болоод оргил ачааллын үед ажиллах нөөц хүчин чадлын нийт зардлыг тооцвол хүмүүсийн төсөөлдөг шиг үргэлж хямд байдаггүй. АНУ бүх төрлийн эрчим хүчийг үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлнэ. Дэлхийн тээврийн салбарын 95 хувь газрын тос болон газрын тосны бүтээгдэхүүнээс хамаарч байгааг санах хэрэгтэй. Тиймээс газрын тос дунд болон урт хугацаанд чухал хэвээр байх болно. Мэдээж ирээдүйд ямар технологи гарч ирэхийг одоогоор таамаглахад хэцүү.
- Дэд сайд Данли, Таны бодлоор Азийн эрчим хүчний эх үүсвэрийн бүтэц ямар байх ёстой вэ? АНУ бол цөмийн эрчим хүчийг санал болгож байгаа юм байна.
- Тулгаж байгаа хэрэг биш шүү. Бид АНУ-ын технологийг худалдааны хувьд харилцан ашигтай нөхцөлөөр дэлхий нийтэд санал болгож байна. Бусад улс эрчим хүчний асуудлаа яг ямар арга замаар шийдэх ёстойг би заах боломжгүй. Харин эдийн засгийн хөгжил, чинээлэг байдлын суурийг бүрдүүлэхийн тулд эрчим хүч нь элбэг, хямд, найдвартай, аюулгүй байх ёстой гэж зөвлөнө.
- Эрчим хүчний нөхцөл байдлын улмаас энэ өвөл хямралд орж болзошгүй Европыг дэмжих АНУ-ын үүрэг, оролцоог та хэрхэн харж байна вэ?
- Би өөрөө Европт өссөн учраас Европын иргэдийн сайн сайхны төлөө тууштай байр суурьтай байдаг. Европ олон жилийн оновчгүй эрчим хүчний бодлогынхоо үр дагаврыг амсаж байгаа бөгөөд хүнд нөхцөлөөс өөрсдөө гарах шаардлагатай. Европ өмнө нь эрчим хүчний хомсдолд ороход АНУ туслахаар оролцож байсан. Энэ удаа ч мөн адил тусална. Европын орнууд спот зах зээлийн үнэд бүрэн өртөхөөс зайлсхийх хэрэгтэй. Тэд АНУ-ын компаниудтай урт хугацааны гэрээ байгуулах нь зөв. Ингэснээр шаардлагатай эрчим хүчээ харьцангуй хямд, урьдчилан тооцоолох боломжтой үнээр авах нөхцөл бүрдэнэ. Европын орнууд эрчим хүчний хангалттай нийлүүлэлтийг баталгаажуулах бодитой бодлого хэрэгжүүлнэ гэж найдаж байна.
- Тэгвэл Европт хийх хөрөнгө оруулалтыг хааш нь чиглүүлэх ёстой вэ? Зөвхөн түлшний нийлүүлэлтээ баталгаажуулахаас гадна өөр юу хийх шаардлагатай вэ?
- Европын орнууд байгалийн хий дамжуулах хоолойн хангалттай дэд бүтэц болон шаардлагатай тооны импортын байгууламжтай болох хэрэгтэй. Мөн өсөн нэмэгдээд явах эрэлтийг хангах үйлдвэрлэлийг дэмжихийн тулд цахилгаан дамжуулах үндсэн сүлжээний зарим хэсгээ шинэчлэх шаардлагатай. Одоогийн сүлжээг хангалттай хэмжээнд сайжруулаагүй нь харагддаг.
- АНУ-ын эрчим хүчний асуудлыг хариуцдаг хүний хувьд танаас асуухад...
- Би эрчим хүчний асуудлыг тэргүүлэн хариуцдаг хүн нь биш. Тэр хүн бол сайд Райт. Би түүний орлогч.
- Дэд сайд ч гэсэн нэг л яаманд ажиллаж, ижил чиг үүрэг хүлээдэг шүү дээ. Ирэх 12 сарын хугацаанд дэлхийн эрчим хүчний салбарт тулгарах хамгийн чухал асуудал юу байх вэ? Таны хамгийн их санаа зовниж буй зүйл юу вэ?
- Хамгийн чухал нь эрэлтийг хангах явдал. Хэт энгийн хариулж буй мэт боловч тийм биш. Бидний харж буй эрэлтийн өсөлт урьд өмнө байгаагүй хэмжээнд хүрсэн. 1960-аад онд АНУ болон дэлхийн зарим бүс нутагт цахилгаанжуулалт эрчимтэй явагдаж байсан. Хэдий тийм боловч тэр үеийн хурдацтай өсөлт гэдэг нь 150 мегаваттын хүчин чадалтай нэг байгууламжийг долоо, найман жилийн дотор ашиглалтад оруулахыг хэлдэг байлаа. Харин одоо хэдхэн сарын дотор гигаваттаар хэмжигдэх шинэ хэрэглээ бий болж байна. Энэ бол урьд өмнө байгаагүй үзэгдэл. Тиймээс дамжуулах сүлжээ цахилгааныг шаардлагатай газарт хүргэж нийлүүлэх чадамжтай байх, өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангах хэмжээний үйлдвэрлэлийн хүчин чадалтай болох нь нэн чухал. Үйлдвэрлэлийн хомсдол гол саад болох ёсгүй.
Харин шаардлагатай дэд бүтцийг хэр хурдтай барьж чадах нь гол анхаарах асуудал. АНУ цөмийн эрчим хүчийг хөгжүүлэх, цахилгаан шугам сүлжээний дамжуулах чадварыг нэмэгдүүлэхэд бүх боломжоо ашиглаж байна. Холбооны түвшний нөөц бололцоог дайчлан хуучин цөмийн цахилгаан станцуудыг дахин ажиллуулах, одоо байгаа бүх төрлийн үйлдвэрлэлийг шинэчлэх, өсөн нэмэгдэж буй эрэлтийг хангах шинэ эх үүсвэр барихад анхаарч байгаа. Энэ бол дэлхий нийтийн асуудал. Бид өөрсдийн бүс нутагт шийдвэрлэхээр ажиллаж байгаа шиг бусад улс орон ч мөн арга хэмжээ авах шаардлагатай.
- Гэхдээ эдгээр ажил хэрэгжих хүртэл түүхий газрын тосны үнэ өндөр хэвээр байх уу?
- Дахин хэлэхэд эрчим хүчний үнэ өсөх үндсэн шалтгааны нэг нь үйлдвэрлэлийн эх үүсвэр болон эрчим хүчний бүтцийг оновчгүй сонгосонтой холбоотой.
- “Chevron” компани ирэх зургаан сарын хугацаанд үнэ буурна гэж хүлээхгүй байна гэж өнөөдөр мэдэгдсэн.
- “Chevron” өөрийн байр сууриа илэрхийлэх эрхтэй. Харин би үнийн төлөвийг нарийвчлан таамаглахаас болгоомжилж байна. Эрэлт нэмэгдэхийн хэрээр үйлдвэрлэлийн хүчин чадлыг цаг тухайд нь өсгөж чадвал үнийг бууруулах боломжтой. Үүний тулд эрчим хүчний системийн тогтмол зардлыг аль болох өргөн хүрээний хэрэглэгчдэд хуваарилах хэрэгтэй. Дэлхийд цахилгаан эрчим хүчний үнэ хамгийн хямд байдаг өндөр хөгжилтэй орнууд олон төрлийн эх үүсвэртэй, хамгийн бага өртөгтэйг нь түрүүлж ашиглах боломжтойгоос гадна цахилгааныг шаардлагатай газарт найдвартай хүргэх хүчирхэг дэд бүтэцтэй байдаг. Тиймээс өсөн нэмэгдэж буй эрэлтийг хангахын зэрэгцээ үнийг бууруулах бүрэн боломжтой. Энэ бол эрчим хүчний компаниудын үйл ажиллагааны үндсэн зарчим.