logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Ярилцлага
    Нийтлэлийг хуваалцах
    Bloomberg TV Mongolia
    Роберт Фрийдланд: Чухал ашигт малтмалын хангамжгүй улс үндэсний аюулгүй байдлаа алдах ч эрсдэлтэй
    Нийтэлсэн огноо: 2026 оны 09 сарын 18 16:00
    669

    Зургийг: Chris Ratcliffe/Bloomberg

    “Ivanhoe Mines” компанийн Үүсгэн байгуулагч, Уул уурхайн энтерпренер Роберт Фрийдландтай “Bloomberg Television”-ийн Франсин Лакуа ярилцсаныг хүргэж байна

    - Түүхий эдийн зах зээлд сканди нь харьцангуй хязгаарлагдмал хүрээнд арилжаалагддаг металл. Зах зээл нь маш бага боловч яагаад ийм чухал ач холбогдолтой байна вэ? Гарт маань скандийн дээж байна. Өд шиг л хөнгөн юм. 

    - Сканди нь үелэх системд газрын ховор элементэд ангилагддаг 17 элементийн нэг юм. Бидний яриад байгаа энэ орд газар Австралид байрладаг. Тус орд нь барууны орнуудын нийт хэрэгцээг 30-40 жилийн турш хангах хэмжээний нөөцтэй. Өөрөөр хэлбэл барууны орнууд  цаашлаад скандийн үйлдвэрлэл, нийлүүлэлтээр Хятадаас заавал хамаарах шаардлагагүй болох боломжтой. Тиймээс энэ орд барууны эдийн засгуудад стратегийн чухал ач холбогдолтой.

    - Сүүлийн үед ийм төрлийн хязгаарлагдмал зах зээлтэй металлуудын төслүүдэд АНУ-ын засаг захиргаанаас ихээхэн санхүүжилт олгож байна. Бусад улс, ялангуяа Австрали энэ чиглэлд илүү идэвхтэй ажиллах шаардлагатай юу? 

    - АНУ дэлхийд  эдийн засгаараа тэргүүлэгч хэвээр байгаа ч БНХАУ хурдацтай ойртсоор байна. Ийм үед Дональд Трампын засаг захиргаа энэ асуудлыг нухацтай авч үзэж байгаа нь сайшаалтай. Тэд нийлүүлэлтийн сүлжээний ач холбогдлыг ойлгож байна. Өнгөрсөн долоо хоногт Вашингтон хотод томоохон уулзалт болсон. Тус уулзалтад Ерөнхийлөгчөөс гадна Төрийн нарийн бичгийн дарга, Худалдааны сайд Ховард Лутник нар оролцсон. Миний бодлоор уул уурхайн салбарт ийм өндөр түвшний уулзалт Ерөнхийлөгч Тафтын үе буюу 1910-аад оноос хойш анх удаа болж байна. Эцэст нь улс орнууд нийлүүлэлтийн сүлжээ болон өнөөгийн технологийн өдөр тутмын хэрэглээг хангахад шаардлагатай чухал металлуудын стратегийн ач холбогдлыг ойлгож эхэллээ. Телевизийн студийг ажиллуулахаас эхлээд гар утас ашиглах хүртэл эдгээр металл зайлшгүй шаардлагатай.

    - Дональд Трамптай та ямар харилцаатай вэ? Та Цагаан ордонд хэд хэдэн удаа очиж байсан. АНУ-ын засаг захиргаа яг юу хүсэж, ямар хэрэгцээгээ хангахаар зорьж байгаа талаар хуваалцаач.

    - Энэхүү хэлцлийг өмнө нь Батлан хамгаалах яам гэж нэрлэдэг байсан дайны яамаар дамжуулан хэрэгжүүлсэн. Үндэсний аюулгүй байдлын нийлүүлэлтийн сүлжээнд ашиглах учраас тэд маш нарийн магадлан шинжилгээ хийдэг. 

    Гэхдээ скандийг “Apple” зэрэг технологийн компаниудын бүтээгдэхүүн, болон  “Bloom Energy”-ийн түлшний элементэд ч ашигладаг гэдгээрээ онцлог. Энэхүү газрын ховор элементийг маш олон төрлөөр хэрэглэж болно. 

    Пентагон хамгийн сүүлд “Rio Tinto”-оос сканди худалдаж авахад тонн тутмын үнэ зургаан сая ам.доллароос давж байсан. Тиймээс энэ бол маш өндөр үнэ цэнтэй элемент юм. Их хэмжээгээр шаардагдаад байдаггүй ч тодорхой технологид зайлшгүй хэрэгтэй. Тухайлбал: хөнгөн цагаанд ердөө 0.5 хувийн сканди нэмэхэд 3D хэвлэх боломжтой болж, гангаас дөрөв дахин бат бөх материал болгож хувиргадаг. Ийм хайлшийг хиймэл дагуул, нисэх онгоц болон орчин үеийн олон технологид ашигладаг.

    - Роберт миний ойлгосноор энэ орд Конгогоос гадна орших кобальтын хамгийн том нөөцүүдийн нэг. Мөн их хэмжээний никель агуулдаг юм байна. Эдгээр хоёр металлыг хэрхэн ашиглахаар төлөвлөж байна вэ? 

    - Энэ бол геологийн хувьд нэлээд өвөрмөц тогтоцтой орд гэдгийг олон жилийн өмнөөс л мэддэг байсан. Конгогоос бусад бүс нутагт орших кобальтын хамгийн том нөөц юм. Дэлхийн кобальтын дийлэнх нь Конгод байдаг. Түүнчлэн тус орд платин, палладий, никель агуулдаг. Ирээдүйд эдгээр бусад металлыг ч мөн олборлон хөгжүүлнэ гэж бодож байна. Харин скандийн нөөц нь ордын зах хэсэгт байрладаг.

    Зөвшөөрлүүдээ авч, инженерийн тооцоо, зураг төсөл болон бүтээн байгуулалтын ажлаа боловсруулахад ойролцоогоор 14 жил зарцуулсан. Тиймээс энэ компани 14 жил хөдөлмөрлөсний дараа амжилтад хүрсэн хэрэг. Амаргүй байдаг уул уурхайн салбарт ийм урт хугацаа шаардагдах нь түгээмэл үзэгдэл. 

    - Та 2028 онд олборлолтоо эхлүүлэхээр төлөвлөж байгаа. Хүдрээ олборлосны дараа боловсруулж, борлуулах хүртэл хэр хугацаа шаардагдах вэ? 

    - Уурхайн бүтээн байгуулалт хэдийн эхэлсэн. Бид нийлүүлэлтэд урт хугацаа шаарддаг тоног төхөөрөмжүүдийн захиалгыг өгөөд байна. Анхан шатны боловсруулалтыг Австралийн алслагдсан бүс дэх Сайрстон хэмээх жижиг хотын ойролцоо хийхээр төлөвлөж байгаа. Харин дараагийн шатны боловсруулалтыг АНУ-д хийж, эцсийн бүтээгдэхүүн болох цэвэр сканди металлаа гарган авах төлөвлөгөөтэй байна. Мэдээж нэлээд хэсэг нь  “Apple”-ийн гар утас зэрэг бүтээгдэхүүнд ашиглагдана. Орчин үеийн гар утасны 50 гаруй жижиг электрон эд ангид энэ элементийг ашигладаг. Энэ студийн тоног төхөөрөмжүүд ч ялгаагүй хагас дамжуулагчаар дамжуулан уг элементээс хамааралтай байгаа. Жирийн хэрэглэгчид өдөр тутмын амьдралдаа эдгээр элементээс ямар их хамааралтай байдгаа тэр бүр мэддэггүй гэхэд болно. 

    - Хугацааны хувьд та 2028 онд олборлолтоо эхлүүлээд, дараа нь АНУ-д боловсруулна гэж байна. Боловсруулалт нь хэдэн сарын дараа эхлэх үү, эсвэл үүнээс удаан хугацаа шаардах уу? 

    - Бараг зэрэг эхэлнэ. Боловсруулах үйлдвэр байгуулна. Анхан шатны болон эцсийн шатны боловсруулалтын байгууламжууд ажиллана гэсэн үг. Австрали, АНУ чухал ашигт малтмалын чиглэлээр стратегийн түншлэлтэй учраас энэ төсөл маш чухал.

    - Эдгээр ашигт малтмалын ихэнх нь АНУ-д байдаггүй. Тиймээс АНУ чухал түүхий эдээ Африкийн орнууд, Казахстан зэрэг дэлхийн бусад олон бүс нутгаас хайх шаардлагатай болж байна. Одоо улс орнууд, компаниуд хаа сайгүй ийм төрлийн металлын эрэлд гарч байна.

    - Танайх биржид бүртгүүлэхээр мөн төлөвлөж байгаа. Одоогоор таны мэдэлд гурван компани бий. Тэдгээрээс аль компани нь хамгийн өндөр өсөлт үзүүлэх боломжтой гэж харж байна вэ? 

    - Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй компани байгаа. Сүүлийн хоёр жилийн хугацаанд хувьцааны ханш нь ойролцоогоор 45 дахин өссөн. Мөн бид тус компанийг АНУ-д бүртгүүлэхээр Засгийн газартай нь тохиролцсон. Цаашлаад бүр магадгүй...

    - Дангаар нь уу эсвэл давхар бүртгүүлэх үү? 

    - Аль аль нь байх болов уу. Гэхдээ тус компани цаашдаа АНУ-ын компани болж магадгүй. Учир нь АНУ-ын Засгийн газар ийм компаниудыг өөрийн улсад бүртгэлтэй, төвтэй байлгах сонирхолтой байдаг.

    Манай технологийн өөр нэг компани болох “iPulse” нь Жо Байдены засаг захиргааны үед баталсан 2022 оны “CHIPS and Science Act” хуулийн хүрээнд санхүүжилт авсан. Энэ бол АНУ-д бүртгэлтэй, хаалттай компани. Харин Ivanhoe Electric нь Нью-Йоркийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй АНУ-ын компани бөгөөд АНУ-д тэргүүлэх зэсийн шинэ  уурхайгаа бүтээн байгуулаад явж байна. 

    - Та ч байнга завгүй байх яваад байх дуртай бололтой. Үүний дараа юу хийх вэ? Шинэ Ivanhoe байгуулах уу? 

    - Тийм ээ, би хэт их ажилладаг ч хэзээ ч хангалттай үнэлэгддэггүй л дээ. 

    - Хэзээ ч үнэлэгддэггүй гэнээ... 

    - Байнга аялаад л явж өгнө шүү дээ.

    - Хэтрүүлж ажиллаад байна уу даа. 

    - Алслагдсан бүс нутгуудад очиж, эдгээр металлыг хэн нэгэн эрж хайх хэрэгтэй ш дээ. Учир нь орчин үеийн эдийн засаг чухал түүхий эдүүдээс асар их хамааралтай болсон. Стив Жобс анхны “Apple 1” компьютер бүтээхэд үелэх системийн ердөө 18 орчим элемент ашиглагддаг байлаа. Харин энэ iPhone 17 л гэхэд  74 элемент агуулж байна. Тэдгээрийн нэг нь сканди. Сканди нь давтамжийн зурвасуудыг ялгахад ашиглагддаг тул 5G, 6G утасгүй холбоог ашиглах боломж бүрдүүлдэг. Тиймээс энэ бол нэн чухал түүхий эд. Австрали улс дэлхийн эдийн засгийн хэрэгцээг хангах хэмжээний томоохон ордоос сканди нийлүүлэх боломжтой болсон нь маш сайн мэдээ юм.

    - Ерөнхийд нь авч үзвэл дата төвүүд, дэд бүтэц болон AI хэрэглээ нэмэгдэж буйтай холбоотойгоор эдгээр чухал түүхий эдийн хэрэгцээ хэр хэмжээгээр өсөх бол? 

    - Бид үелэх системийн нэг л нүхийг нөхлөө. Цаана нь дахиад 35 орчим үлдсэн байна. Тиймээс хийх ажил маш их бий. 

    - Таны цаашдын шинэ чиглэл үү? Магадгүй зарим тусгай ангиллын ашигт малтмалд төвлөрөх бодол бий юу? 

    - Тэгэлгүй яах вэ. Нийлүүлэлтийн сүлжээний хуваагдал гүнзгийрч, бүр улс төрийн зэвсэг болж байгаа учраас бид энэ асуудлыг шийдвэрлэхээр хэд хэдэн улсын Засгийн газартай хамтран ажиллаж байна. Чухал түүхий эдүүдэд хүрэх боломжгүй  улс орнууд үндэсний аюулгүй байдлаа ч алдах эрсдэлтэй. Тиймээс энэ асуудалд нухацтай хандаж буй өнөөгийн АНУ-ын засаг захиргааг онцлон сайшаах хэрэгтэй.

    Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа уул уурхайн инженерчлэл, металлурги, геологийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг их сургуулиудын санхүүжилтийг эрс нэмэгдүүлэхээ зарласан. Учир нь хангалттай олон геологичгүйгээр бид эдгээр түүхий эдийг эрж хайх боломжгүй. БНХАУ жил бүр уул уурхайн инженерийн чиглэлээр 3000 орчим төгсөгч бэлтгэдэг бол АНУ-д энэ тоо ердөө 150 орчим байна. Тиймээс дэлхийн эдийн засгийг ногоон шилжилтэд оруулахын зэрэгцээ үндэсний батлан хамгаалахад шаардлагатай металлын нийлүүлэлтийг бүрдүүлэхийн тулд бидэнд хийх ажил асар их байна.

    - Уул уурхайн томоохон компаниуд энэ чиглэлд илүү идэвхтэй орж ирж байна гэж та харж байна уу? 

    - Тийм ч их бол биш. 

    - Яагаад?

    - Тэдний ихэнх нь төмрийн хүдэр олборлодог болхи компаниуд. Өвс ногоо гишгэлж, төмөр, зэс олборлон их мөнгө олдог том заануудтай адил. Харин олдоц багатай эдгээр жижиг зах зээлийн түүхий эдийн салбарт төдийлөн оролцож ирээгүй. Бидэнд хэрэгтэй ийм металлыг хайж олоход бараг л Индиана Жонс шиг адал явдал эрэлхийлэгч байх хэрэгтэй болдог. 

    - Тэгвэл та Индиана Жонс байсан бол скандийн дараа ямар чухал түүхий эдийн эрэлд гарах вэ?

    - Зөвхөн газрын ховор элементүүдээр хязгаарлагдахгүй. Ниоби, тантал, рени, сканди зэрэг хүмүүс төдийлөн мэддэггүй олон металл бий. Алт, мөнгө маш үнэтэйг хүн бүр мэднэ. Гэхдээ гар утас зэрэг орчин үеийн төхөөрөмж үйлдвэрлэхэд эдгээр бусад элементийн зарим нь алт, мөнгөнөөс ч илүү үнэ цэнтэй. 

    - Та одоогоор шинэ ордууд хайж байгаа юу? 

    - Мэдээж. Яг үүнийг чинь 45 жилийн турш хийж байна. 

    - Шинэ уурхайнуудад хөрөнгө оруулахад хэр их санхүүжилт шаардлагатай вэ? 

    - Энэ бол асар өндөр эрсдэлтэй ч өгөөж нь мөн адил өндөр бизнес. Би “Sunrise” орд дээр гүйцэтгэх захирал Сэм Ригалтай 14 жилийн турш хамтран ажилласан. Австралид ийм төрлийн ордод олборлолт явуулахын тулд тухайн нутагт 50 мянган жилийн турш амьдарч ирсэн уугуул иргэдтэй тохиролцох шаардлагатай. Харилцан танилцаж, итгэлцэл бий болгон зөвшилцөлд хүрэхэд арван жил ч шаардагдаж болно. Тиймээс уул уурхай бол амаргүй бизнес. Ухаалаг хүмүүсийн сонгох ажил ч биш. Гэхдээ хэн нэгэн алслагдсан бүс нутагт очиж, үүнийг хийхгүй бол өнөөгийн ийм орчин үеийн студи ч байхгүй байх байсан ш дээ.

    - Гэхдээ Та бол үнэхээр дуртай хийдэг юм байна ш дээ.  

    - Дуртай, дуртай. Үнэхээр дуртай.

    Cэтгэгдэл бичих