
Зургийг: Bloomberg TV Mongolia
- "АмЧам" Монголд үйл ажиллагаагаа эхлүүлсэн 15 жилийн ой тохиож байна. Энэ сарын уулзалт нь “Гадаад шок ба дотоод тогтворгүй байдал” гэсэн сэдвийн хүрээнд зохион байгуулагдлаа. Та илтгэлийнхээ үеэр өнгөрсөн 15 жилийн өөрчлөлтүүдээс танилцуулсан шүү дээ?
- Гишүүнчлэлд тулгуурлан үйл ажиллагаа явуулдаг Төрийн бус байгууллага болох "АмЧам Монгол"-ын 15 жилийн ой тохиож байна. Бидний ололт амжилт нь манай гишүүд, зөвлөлийн амжилтаар хэмжигддэг. Тэд бодлогын реформын чиглэлд манлайлж ажилладаг. Монгол дахь АмЧам бүсдээ тэргүүлэхэд хамгийн их хувь нэмэр оруулдаг. Үүнд гүнээ талархаж байгаагаа илэрхийлмээр байна.
Бид өнөөдөр Монгол Улсын өнгөрсөн 15 жилийн түүхийг дүгнэсэн. Энэ хугацаанд Монголд юу болсныг тодорхойлж, харьцуулалт хийсэн. Энэ дундаас дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт болон Монголын эзлэх хувь, гадаадын хөрөнгө оруулалт, ажилгүйдлийн түвшнийг онцолж харсан. Ингэхдээ бид Монголыг Төв Ази болон Зүүн Өмнөд Азийн орнуудтай харьцуулсан. Тодруулбал: Тайланд, Филиппин, Вьетнам, Малайз, Киргиз, Тажикстан зэрэг Төв Азийн орнуудтай харьцуулсан. Монголтой төстэй, хөгжиж буй орнууд хаана жагсаж байгаа, дэлхийн эдийн засгийн өсөлтөд ямар хувь нэмэр оруулж байгааг тодорхойлохыг зорьсон.
Эхлээд эдийн засгийн өсөлтөөс эхэлье. Монгол Улсын уул уурхайн бус, бодит эдийн засаг 82.7 хувиар агшсан буюу бүтцийн хямралд орсон байна. 2011 болон 2016 оны төсөөлөлтэй хийсэн харьцуулалт шүү. Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн хурд 67 хувиар саарсан. 2011 онд 17.3 хувь байсан бол энэ онд 5.7 хувиар өсөх тооцоотой байна. Энэ нь хамгийн өөдрөг төсөөлөл. Зөв санаж байвал Дэлхийн Банкнаас таван хувьтай байна гэж таамагласан. Тэгэхээр харьцуулсан орнуудаас Монгол Улс эдийн засгийн өсөлтөөрөө хамгийн доогуур бичигдэж байна.
2011 онд Монгол Улсын уул уурхайн бус эдийн засаг бүсдээ тэргүүлж байсан бол одоо сүүл мушгиж байна. Харамсалтай нь өнгөрсөн 15 жил манай өрсөлдөгчдийн жил байлаа. Төв Ази, Зүүн Өмнөд Азийн орнууд гайхалтай дэвшиж чадсан бол Монгол Улс эрчээ алдсан байна. Дэлхийн эдийн засгийн өсөлттэй ийнхүү харьцуулж харснаар одоогийн нөхцөл байдлаа тодорхойлоход түлхэц болж байгаа юм.
Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг харцгаая. Монгол Улсын татсан хөрөнгө оруулалт 68.1 хувиар агшсан байна. Оюутолгойн хөрөнгө оруулалт 64 хувиар татарсан байгаа. I үе шатаас II үе шат руу шилжих үед хөрөнгө оруулалт буурна гэдгийг бид эртнээс л мэдэж байсан.
Оюутолгойг оруулахгүй тооцвол гадаадын хөрөнгө оруулалт 75 хувиар унасан. Хувийн хөрөнгө оруулалт Монголоос бүрэн гарсан байна. Хачирхалтай нь зөвхөн Төр болон ТӨХК-иудын хөрөнгө оруулалт л өссөн дүр зурагтай байна. 66.7 хувиар өссөн. Хэдий тийм боловч нэг зүйлийг тодотгоход, Төрийн өмчит компаниудад орж буй энэхүү хөрөнгө оруулалт нь хөгжин цэцэглэх бус “амьд үлдэх” мөнгө. Эдийн засгийг хөдөлгөж, ажлын байр үүсгэдэггүй.
Таныг болон үзэгчдийг уйдахыг хүсэхгүй байгаа ч хэдэн статистик нэмээд дурдъя. 2011 онд Монгол Улс Филиппин улсаас гурав дахин их хэмжээний хөрөнгө оруулалт татаж байсан. Харин өнөөдөр Филиппин улс биднээс зургаа дахин ихийг татаж байна. Вьетнам улс манайхаас 17 дахин өндөр байна. Тэд зах зээлээ либералчилж, олон улсын хөрөнгө оруулалт татах бодлого хэрэгжүүлсэн. Харин бид энэ бүх хугацааг Оюутолгойн асуудлаар маргалдаж өнгөрөөсөн. Хувийн хэвшлийн үлгэр жишээ болсон хөрөнгө оруулалттай төсөлтэй 15 жилийг маргалдаж өнгөрөөсөн. Энэ үед бүсийн бусад орнууд хөгжиж байсан.
2011 онд бид Узбекистан, Тажикистан, Киргиз улсын нийлбэр дүнгээс ч өндөр гадаадын хөрөнгө оруулалтыг татаж байсан. Харин өнөөдөр Узбекистан улс дангаараа манайхаас найм дахин их хэмжээний хөрөнгө оруулалт татаж байна. Тэд бидэн шиг газар доороос их хэмжээний алт, зэс илрүүлээгүй. Манай өрсөлдөгчид олон 10 жил реформ хийсэн бол бид ухарсан.
Эцэст нь дурдахад, 2011 онд бид Филиппин, Узбекистан хоёрыг нийлүүлснээс ч давах хөрөнгө оруулалтын цэг байсан. Харин өнөөдөр тэд биднээс 15 дахин их хөрөнгө татаж байна. Манай хөрш орнууд өнгөрсөн 15 жил хөрөнгө оруулалт татах механизмаа байгуулж ирсэн. Харин бид хувийн хөрөнгө оруулалтынхаа 3/4-ийг хийсгэж чадсан цор ганц орон нь юм.
Хөрөнгө оруулагчдын Азид хөрөнгө оруулах сонирхол нь буураагүй. Зүгээр л Монгол Улсын дэвшүүлсэн дүрэм журам, хэрэгжилтээс залхсан. Гэхдээ энэ бүхэнд шийдэл бий. Учир нь Төв Ази, Зүүн Өмнөд Азийн орнуудад яг одоогийн бидэнд тулгараад буй асуудлууд тулгарч байсан. Ихэнх нь 15 жилийн өмнөөс асуудлаа засаж, одоо үр ашгийг нь хүртэж байна.
- Монгол Улс хуулиа шинэчлэх ажлыг хийсээр ирсэн. Хөрөнгө оруулагчид хэр хүлээж авдаг вэ?
- Би үүнийг шийдэл гэж хэлэхгүй. Хоолоо идэхээсээ өмнө гараа угаадагтай л адил зүйл. Хийгдэх л шаардлагатай ажил. Хөрөнгө оруулалт болон эдийн засгийг сэргээхгүй. Дахин хэлэхэд, бидэнд бүтцийн болон институцийн өөрчлөлт хэрэгтэй. Нэг ёсондоо Төрийн өмчит компаниуд аль нэг намын ATM болсныг зогсоох хэрэгтэй. Төрийн өмчит компани нь аливаа ялалт байгуулсан намын “мөнгөний машин” болоод байна.
Бидэнд бие даасан, хараат бус шүүх засаглалын тогтолцоо хэрэгтэй. Жишээ татахад, Казахстан болон Узбекистан ялж байхад бид яагаад ухраад байна вэ? Тэд бие даасан шүүх байгуулсан. Ялангуяа Казахстан, нутагтаа шүүх эрх мэдэл хэрэгжих бүс бий болгож, аливаа арилжааны маргааныг шийдвэрлэхдээ олон улсаас шүүгчдийг нээлттэй урьдаг.
Үүний үр дүнд Казахстаны гадаадын хөрөнгө оруулалт цойлсон. Яг одоо Монголд тулгамдаад буй асуудал Казахстанд байсан. Үүнийгээ тэд энэ арга замаар шийдсэн. Узбекистан улсын хувьд шударга арбитрын систем нэвтрүүлсэн. Адилхан л ойлголт. АНЭУ ч яг энэ зарчмыг баримталж байна. Тэгэхээр аливаа арилжааны маргаан шударга, үнэн зөвөөр шийдэгдэх орчныг бүрдүүлэх хэрэгтэй.
Үүнээс гадна Монголд бизнес хийх нь гэмт хэрэг мэт болгодог байдлыг зогсоох нь чухал. Төв Ази, Зүүн Өмнөд Азийн орнууд үүнийг аль эртнээс ойлгосон. Бизнес эрхлэхийг гэмт хэрэг болгох нь хөрөнгө оруулалтыг үргээж , эдийн засаг унана.
Бидэнд тулгамдаад буй асуудал маш тодорхой. Өмнө нь ч олон удаа сонсож байсан байх. Арилжааны маргааныг урьдчилан төлөвлөж, хүчээр эрүүгийн хэрэг болгодог. Татвараас зайлсхийх, мөнгө угаах гэх мэт авлигын асуудал болгодог. Ингэснээр Парламент эсвэл бизнесийн аливаа бүлэглэл зорилгодоо хүрэхээр мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлж, хөрөнгийг нь царцаах эсвэл урьдчилан саатуулах тактик ашиглаж байна.
Аливаа кейс маргаан шийдэгдсэн эсэхээс үл хамааран мөрдөн шалгах ажиллагаа нь өөрөө шийтгэл болдог. Захиргааны зохих ёсны үйл ажиллагаа алдагдсан байна. Эдгээр кейс дууссан уу гэж хүмүүс асуудаггүй, Монголд яагаад бизнес эрхлэх ийм хүнд байдгийг л гайхдаг. Яагаад шүүх засаглал, эрх зүйн системийг “зэвсэгжүүлж” бизнесүүд рүү дайрдаг юм бэ?
Би өмнө нь олон мянган удаа хэлж л байсан. Ц.Гарамжав, П.Цагаан, Д.Эрдэнэбилэг, Ж.Од гэх мэт бизнесменүүд нэг тайзан дээр гараад Монголд бизнес эрхлэхийг нэгэн зэрэг уриалбал хормын дотор л Монголд 100, 100 сая ам.долларын хөрөнгө оруулалтууд орж ирнэ.
Эсрэгээрээ Төрийн албан тушаалтан PDAC гэх мэт форумд оролцоод шинэ ашигт малтмал, хөрөнгө оруулалтын хууль батална гэж хэлэх нь ямар ч үр дүнгүй. Ингээд асуудал шийдэгдэхгүй. Тэгэхээр Монголд бизнес хийхийг гэмт хэрэг болгохгүй байх хэрэгтэй. Бие даасан, хараат бус шүүх засаглалтай болох хэрэгтэй байна.
- Хуулийг өөрчлөөд л хөрөнгө оруулалт, эдийн засаг сэргэхгүй, харин бүтцийн реформ хэрэгтэй гэж байна. Засгийн газрын албан тушаалтнуудтай ярилцсан л байх, асуудлыг анхаарч байна уу? Энд ярьж байгаа мессежээ хэрхэн ажил хэрэг болгох вэ?
- Бид дөнгөж саяхан Ерөнхий сайдын засаг захиргааны төлөөлөлтэй уулзсан. Асуудалд нээлттэй хандаж байгаа гэж харсан. Харин УИХ-ын гишүүдтэй хувиараа уулзаж ярилцахад, асуудлыг бүрэн ойлгож байгаа нь харагддаг. Гол нь бүгдээрээ л аль нэг улс төрийн бүлэглэл доторх эсвэл бүлэглэл хоорондын дайн маргаанд орооцолдсон байна.
Тэгэхээр асуудлыг ойлгож байгаа. Бид Төв Ази, Зүүн Өмнөд Азийн тоонуудаар харьцуулалт хийсэн. Энэ бол мэтгэлцээний сэдэв биш бодит баримт. Бид баян ходоод болж байна. Монгол Улс онигоонд орж байна. Гэхдээ үүнд би инээхгүй. Тэдэнд ч бас инээдтэй биш байгаа гэж бодож байна. Харин тэд “Яах вэ, бид дахиад 15 жил бүтэлгүйтэх үү, эсвэл энэ удаа үнэхээр олигтой юм хийж, бүтцээр нь өөрчлөх үү” гэдгийг ухаарч эхэлж байгаа байх.
Хэдий тийм боловч ардчилал Монголд маш сайн ажиллаж байна. Ардчилсан тогтолцоо л бүгдийг тогтоон барьж байна. Энэ бол одоо зөв ажиллаж байгаа бүтцийн тогтолцоо. Харин суурь үйл ажиллагааны тогтолцоо, эрх мэдлийн хуваарилалтын тогтолцоо ажиллахгүй байна.
Бидэнд ганц хүчтэй удирдагч хэрэгтэй байна, ядаж л тогтвортой бодлоготой болно гэж хүмүүс хэлэхийг сонссон. Ингэвэл жинхэнэ гамшиг болно шүү. Хэн ч үүнийг хүсэхгүй. Учир нь бүлэглэл хоорондын тэмцлийн оронд ганц хүчтэй удирдагчид албан тушаалд томилох эрх мэдэл төвлөрснөөр гамшиг болно.
Бүтцийн өөрчлөлт явагдах боломжтой. Тэд энийг мэддэг болж байгаа, эсвэл анхнаасаа мэдэж байсан байх. Гэхдээ нэг элемент орхигдоод байгаа нь тогтолцоогоо засаж чадсан бүс нутгийн орнуудыг харах хэрэгтэй. Тэд засах хэрэгтэй байсан, засаж ч чадсан. Одоо эдийн засгийн үр дүн, гадаадын хөрөнгө оруулалтыг нь хар. Ажлын байр нь нэмэгдэж, орчин үеийн эдийн засаг руу шилжицгээж байна. Тэд бүтцийн асуудлуудаа засаж чадсан болохоор л ингэж байна. Тэгэхээр бид ч бас чадна. Өмнө нь хийгдчихсэн, яаж хийдгийг нь бид мэднэ. Гол нь үүнд хамтын ажиллагаа л хэрэгтэй.
- Хаанаас эхлэх нь зүйтэй вэ? Яг одоо Засгийн газар, “Rio Tinto” хооронд идэвхтэй хэлэлцээ өрнөж байна. Энэ нь сайн эхлэл байж чадах уу? Гадаадын хөрөнгө оруулагчдад нааштай дохио өгөх үү?
- Асуудлаа шийдэж чадвал болно. Он гарахын өмнө би сошиалд “Надад одоо ямар ч хамаа алга. Зүгээр л асуудлаа шийдэцгээ” гэж бичиж байсан. Учир нь 15 жилийн турш "Rio Tinto", Монгол Улсын Засгийн газар хоорондын тэмцэл л яригдлаа шүү дээ. Зөвхөн үүн дээр мунгинаж, 15 жил хэрүүл хийх хооронд бусад бүх улс урагшлаад алга боллоо.
Тэгэхээр хурдан зас, дуусга гэж хэлнэ. Нэгдсэн шийдэл үнэхээр шаардлагатай ч дахиад л өнөөх бүлэглэл хоорондын улс төр, фракцын систем асуудал болж байна. Шинэ Ерөнхий сайд томилогдох болгондоо гэрээг дахин хийж, эсвэл шинээр тайлбарлаж болно гэж боддог. Энэ бол хууль дээдлэх зарчим биш, харин бүлэглэлийн зарчим. Тэгэхээр Монголын ард түмэнтэй, Монгол Улсын Засгийн газартай, "Rio Tinto"-той чин шударгаар ярилцах хэн нэгэн үнэхээр хэрэгтэй байна. Одоо үүнийг орхиё, дуусгая гэж хэлэх хэрэгтэй.
"Оюутолгой" төслөөс Монгол Улсын эдийн засагт ирсэн үр өгөөж үнэхээр гайхалтай байсан гэдгийг хэлэх нь зүйтэй. Мөн Монголын ард түмэнд маш хайртай гэдгээ бас хэлье. Би энд удаан амьдарч байна. Гэр бүлийнхэн маань монгол хүмүүс.
Гэхдээ л бид одоо орхих хэрэгтэй. Үгүй бол 15 жилийн дараа ч бид энэ асуудлаа ярьсаар л үлдэж, харин бусад орнууд хөгжсөөр байна. Үнэхээр эмгэнэлтэй харагдана.
- Сүүлийн үед АНУ-ын гадаад харилцаандаа хийж буй өөрчлөлтүүд, ялангуяа Дональд Трампын засаг захиргааны бодлогыг та юу гэж бодож байна вэ? Монгол Улс мөн үүнд өртөж, визийн хоригт орсон байгаа. 15 мянган ам.долларын барьцаа байршуулж байж виз авах болсон. Энэ талаар? Бид яаж хөдлөх хэрэгтэй вэ?
- Энэ шийдвэрийг хоёр өнцгөөс харсан. Анхны хариу үйлдэл маань бухимдал хилэн байсан. Үнэхээр дургүй хүрсэн. Монголчууд 15 мянган ам.доллар байршуулах ёстой гэдэг таалагдаагүй. Эхнэрийн маань дүү, эсвэл бусад гэр бүлийнхэн, хамаатнууд маань АНУ явах виз авч чадахгүй болно гэхээр миний уур хүрч байсан. Сонгон шалгаруулах ч бололцоо байхгүй.
Монголчууд АНУ-ын виз авч чадахгүй байх болгонд миний сэтгэл зовдог. Гэр бүлийн гишүүд маань ч виз авч чадаагүй тохиолдол гарч байсан. Харин одоо монголчуудад санхүүгийн маш том дарамт үүсгэх шаардлага нэмэгдээд байна. Тиймээс энд амьдарч, эндхийг хайрлаж, сайхан дурсамж бүтээсэн хүний үүднээс хариу үйлдэл маань бухимдал байсан.
Харин энэ сэтгэл хөдлөлөө орхиж, тоо баримт харвал өөр хэрэг. Монголчууд визийн хугацаагаа хэтрүүлэх, хууль бусаар ажиллах түвшнийг харвал АНУ-ын бодлогыг тодорхой хэмжээнд ойлгож болно. Учир нь тоо баримт байгаа. Гэхдээ бид өмнө нь Монгол дахь ажилгүйдлийн талаар ярьсан. Залуучуудад ажил олдохгүй бол тэд гадаад явж л ажил хайна шүү дээ. Энэ л үүнд хөтлөөд байгаа юм. АНУ, БНСУ болон бусад улс руу явцгааж байна.
Тэгэхээр хэдийгээр би энэ бодлогод үнэхээр бухимдаж байгаа ч дата мэдээлэл харвал яагаад монголчуудыг хязгаарласныг ойлгож болно. АНУ-ын болон Монгол Улсын Засгийн газартай хамтран ажиллаж, энэ бодлогыг цуцлах сонирхол надад маш их байна.