
Зургийг: Bloomberg TV Mongolia
- Таны хувьд “Гурвантэс XXXV” төсөл дээр таван жил ажилласан, сүүлд компанитайгаа Гүйцэтгэх захирлаар ажиллах гэрээгээ сунгасан байсан. Тэгэхээр тантай дахин олон удаа ярилцах боломж гарна гэж найдаж байна. Юуны өмнө та төслийн сүүлийн мэдээллээс хүргэхгүй юу?
- Сүүлийн саруудад манай төсөл маш хурдацтай ахисан. Нүүрснээс гарган авах хийн “десорбци”-той болоход ойртсон байгаа. Ингэснээр эдийн засгийн үр ашигтай байдлаар олборлолт хийхэд дөхсөн гэж хэлж болно.
- Танай компани өнгөрсөн сард зургаан сая ам.доллар босгосон, санхүүжилт сайтай байгаа. Энэ оныхоо төлөвлөгөөний талаар?
- Энэ онд шинээр гурван цооног өрөмдөнө. Үйлдвэрлэлээ нэмэгдүүлж, Монгол Улсад болон олон улсын хөрөнгө оруулагчдадаа төслийнхөө потенциалыг нотлон харуулахаар ажиллаж байна. Монголд нүүрсний давхаргаас метан хий олборлох боломжтой гэдгийг дэлхий дахинд харуулна. Туршилтын шатандаа байгаа төслөөрөө дамжуулан Монголын хийн салбар ирээдүйтэй болохыг нотлохыг зорьж байна.
- Танай компанийн Монгол дахь захирал Ц.Наран-Учралтай ярилцах үеэр эрчим хүч үйлдвэрлэх туршилт хийнэ гэж байсан. Энэ ажил ямар шатандаа явагдаж байгаа вэ?
- Монголд байгаа гол шалтгаануудын маань нэг нь энэ. Яриа хэлэлцээ хийж энэ оны намар туршихыг зорьж байна. Одоо олборлолт хийж эхэлсэн байгаа ч гарган авсан хийгээ зөвхөн бамбардаж байгаа. Учир нь одоогоор хийгээ өөр зүйлд ашиглах боломжгүй байна. Яваандаа бага ч гэсэн эрчим хүч үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байна. Энэ намар үүнийгээ хийнэ гэж бодож байна. Эхний ээлжид өөрсдийнхөө үйл ажиллагааны эрчим хүчээ шийдэх зорилготой байгаа. Ингэснээр БНХАУ-аас эсвэл дотоодын сүлжээнээс хамааралгүй болно. Илүү гарсан хийгээ ойрын үед нийлүүлэх боломжтой байна. Одоогоор манай төслийн хэмжээ жижиг ч ирээдүйн Монголын эрчим хүчний эх үүсвэрт чухал ач холбогдолтой болж хөгжих бүрэн боломжтой.
- Ногоон шилжилт дэлхий дахинд явагдаж байна. Монгол Улс ч мөн адил эрчим хүчний салбартаа реформ хийхийг зорьж байгаа. Танай хий үүнд хэрхэн багтах вэ?
- Байгалийн хий бол шилжилтийн эрчим хүч гэж нэрлэгдэж байна. Нүүрснээс ногоон эрчим хүчинд шилжихдээ байгалийн хийг сонгож байгаа. Австралид энэ жишиг бүрэн хэрэгжиж байна. Сэргээгдэх эрчим хүч болон байгалийн хий нь хоорондоо уялдаа холбоо сайтай байдаг. Тэгэхээр Монгол Улсын хувьд ирээдүйд байгалийн хийг шилжилтийн эрчим хүчээ болгох бүрэн боломжтой.
Дэлхий дахин зөвхөн сэргээгдэх эрчим хүчинд 100 хувь найдах боломжгүй гэдэг нь ойлгомжтой болсон. Шингэрүүлсэн байгалийн хийн салбарын байр суурь бат бөх хэвээрээ байна.
- Он гарсаар танай компанийн хийн гарц эрс өссөн. Сүүлд өрөмдсөн LF-07 цооног потенциал их байгааг харуулж байна. Танай хувьцааны ханш урт хугацаандаа эрс унасан байгаа шүү дээ. Эргэлтийн цэг нь энэ мөн үү?
- Тийм гэж бодож байна. Өнгөрсөн онд бид компанийнхаа бүтцээ өөрчилсөн. Хувьцаануудын тоо ширхэгт өөрчлөлт оруулсан. Жижиг хөрөнгө оруулагчидтайгаа тохиролцоонд хүрсэн. LF-07 цооног бас нэлээд итгэл найдвар өгч байна. Тэгэхээр манай хөрөнгө оруулагчид бидний төсөлд итгэл үнэмшилтэй байгаа. Зарим нь Монголд ирж, төсөлтэй биечлэн танилцсан. Тэгэхээр зөвхөн төсөл ч гэлтгүй Монголын хийн салбарт хөрөнгө оруулагчид эерэг хүлээлттэй байна.
- Одоогоор төсөл ямар шатандаа байна, эрчим хүчийг үр ашигтай олборлож эхлэхэд хэр хугацаа орох вэ?
- Одоо бид үйл ажиллагаагаа нотлох зорилготой байна. LF-07 цооногоос гарч буй сайн үр дүнд хүрэх гэж бид олон жил хичээсэн. Нүүрсэнд агуулагдаж буй хийг олборлох боломжтой байгаа нь батлагдсан. Энэ бол бидний хувьд маш чухал алхам. Гэхдээ хийх ажил их байна.
Бид одоогоор үнэлгээний хөтөлбөрийн шатандаа байгаа гэж хэлж болно. Хайгуулын шатаа дуусгасан, үнэлгээ рүү шилжсэн байгаа. Эдийн засгийн үр ашигтай, эрчим хүч нийлүүлэх боломжтой эсэхийг тодорхойлно. Хий борлуулах замын зураглал ч бас яригдана. Тэгэхээр энэ бол манай төслийн дараагийн том зорилт юм.
Үүнийгээ дагаад өрөмдлөгөө гүйцэтгэж, үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх ажилдаа төвлөрнө. Цаашдаа Монголд төсөлдөө гадаадын хөрөнгө оруулагчдыг татах төлөвлөгөөтэй байна.
- Манилад болсон форумын үеэр та илтгэлдээ farm-out гэрээний талаар дурдсан. Танай түншлэлийн төлөвлөгөө хэр байна? “TMK Energy”-тэй хамтрах сонирхлоо илэрхийлсэн газар байна уу?
- Тийм ээ, бид анх farm-out зарчмаар Австралийн өөр нэгэн компанитай гэрээ байгуулж байсан. Хэдий тийм боловч тэр компани өөр компанид худалдагдаж, бид хөрөнгөө буцаагаад авсан. Бид одоогоор төслөө 100 хувь эзэмшиж байна. Тухайн үеэс л бид төслөө хайгуулын шатнаас ахиулахад голчлон төвлөрсөн. Одоо манай төсөл үнэлгээний хөтөлбөрийн шатанд байна. Өөрөөр хэлбэл, бидэнд одоо арай өөр түнш хэрэгтэй байгаа. Илүү хөгжүүлэлтэд төвлөрсөн компанитай хамтрах сонирхолтой байна.
Манилад болсон чуулга уулзалт яг энэ ажлын эхлэлийн цэг нь болсон гэж хэлж болно. Хэд хэдэн газартай яриа хэлэлцээ хийж үзсэн. Танай хөрш БНХАУ-ын компаниуд үүний чухал хэсэг гэж бодож байна. Оффтейк эсвэл хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах боломжтой байгаа. БНХАУ-ын компанитай хамтрах өндөр магадлалтай гэж үзэж байна.
- Эцсийн зорилт тань юу вэ?
- Эцсийн зорилт бол төслөө үр ашигтай гэдгийг батлах. Монголд, ялангуяа эрчим хүчний салбарт өөрчлөлт, шинэчлэл авч ирэх юм. Бид эрчим хүч нийлүүлэх хүсэлтэй байгаа, үүнийг ч Монгол Улс таатай хүлээж авах байх. Нийлүүлэх хийн нөөц асар их байгаа гэдгийг хэлмээр байна. Мөн БНХАУ-д экспортлох ч боломж байгаа, манай төсөл маш ойр байрлалтай байдаг. Тэгэхээр энэ бүгд манай эцсийн зорилго гэж бодож байна.
- Ойрх Дорнодын дайн олон асуудал дагуулж байна. Эрчим хүчнээс хараат орнууд хамгийн ихээр хохирч байна. Тэгэхээр та Монголын шийдвэр гаргагчдад юу гэж зөвлөх вэ?
- Монгол Улсын хувьд эрчим хүчний эх үүсвэрийн хэд хэдэн сонголттой байх нь зүйтэй. Нэг эрчим хүч, эх үүсвэрээс хараат байх нь өндөр эрсдэлтэй. Тэгэхээр нийлүүлэлтээ төрөлжүүлэх нь эрчим хүчний аюулгүй байдалд чухал ач холбогдолтой. Дэлхий дахин хувьсан өөрчлөгдөх үед нөөцтэй байна гэдэг нь чухал юм. Үр ашигтай, хямд эрчим хүчний эх үүсвэртэй байх нь эдийн засагт ч үр ашигтай. Нөөцтэй байснаар бусад салбаруудад ч илүү боломж бий болно.