logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Ярилцлага
    Нийтлэлийг хуваалцах
    М.Эрхэс
    Марк Крэнфилд: Тодорхойгүй үед хөрөнгө оруулагчид хөгжиж буй зах зээлд хамгийн их эргэлздэг
    Нийтэлсэн огноо: 2026 оны 04 сарын 17 15:35
    248

    Зургийг: Bloomberg TV Mongolia

    Ираны дайны зах зээлд үзүүлэх урт хугацааны нөлөө болон хөрөнгө оруулалтын чиг хандлагын талаар “Bloomberg Markets Live”-ийн Стратегич Марк Крэнфилдтэй ярилцлаа

    - АНУ-ын индексүүд олон өдөр дараалсан өсөлтөө хадгалж, түүхэн дээд түвшинд хүрснийг бид харлаа. Хөрөнгө оруулагчид ямар мэдээлэлд үндэслэж, хөрөнгө оруулж байна вэ? 

    - Нью-Йорк дахь манай багийнхан яг энэ сэдвээр олон өдөр дараалан мэдээлэл гаргаж байна. АНУ-ын индексүүд 10 өдөр дараалан өссөн. Энэ хугацаанд бараг 10 хувиар өсөөд байгаа. “S&P 500 index” сүүлийн хэдэн жилд ингэж өсөхийг хараагүй удсан байна. 

    Ихэвчлэн иймэрхүү огцом өсөлтийг өсөлт л дагадаг. Зах зээл өсөлтөө хадгалах суурь нөхцөл ч сайн бүрдсэн гэж харж байна. Ашгийн улирал эхэлсэн, банкнуудын тайлан хүлээлтээс хамаагүй сайн гарч байна. Хэдий геополитикийн хурцадмал байдал даамжраад буй ч хөрөнгө оруулагчид итгэл дүүрэн байна. 

    Компаниудын ашиг өсөлтөө хадгалсан хэвээр байна. Тиймээс “S&P 500 index” өсөх суурь хүчин зүйлс сайн бүрдсэн байна. 

    US-INDEX.png

    - АНУ-ын Төв банк бодлогын хүүгээ бууруулах болоогүй байна. Цаг хугацаа тодорхойгүй байна. Бондын зах зээл ямар байх хүлээлттэй байна?

    - Бондын өгөөжийн муруй хэвийн түвшнээсээ хамаагүй доогуур байна. Бодлогын хүү харьцангуй өндөр мөн газрын тосны үнэ огцом өссөн байгаа. Энэ нь инфляц эрчимжих айдас өндөр байгааг илтгэж байна. Газрын тосны үнэ хэр удаан ийм өндөр түвшинд хадгалагдахыг хөрөнгө оруулагчид таамаглахад хүндрэлтэй байгаа. Холбооны Нөөцийн банк оны эхээр хэлж байсан шигээ бодлогын хүүгээ бууруулна гэж бодохгүй байна. Хүлээх, харах байдалтай байна. 

    Урт хугацаандаа эдийн засгийн өсөлт удаашрах эрсдэл тавигдсан гэж харж байна. Хэрэглээний зарцуулалт буурч буй нь үүний нэг дохио. Энэ нь ч бондын өгөөжийн муруй хэвийн цэгээсээ доогуур байхад нөлөөлж байна. Одоохондоо арилжаанд оролцогчид Холбооны Нөөцийн банк ойрын хэдэн саруудад бодлогын хүүгээ өөрчлөхгүй гэж таамаглаж байна. 

    Яах вэ, оны эцсээр бодлогын хүү буурна гэсэн таамаглал байгаа. Гэхдээ энэ бүхэн Холбооны Нөөцийн банкны шинэ тэргүүнээс шалтгаалах болов уу. Кевин Уорш ирэх долоо хоногт Сенатын танхимд дуудагдаж, томилох эсэхийг хэлэлцэх хүлээлттэй байна. Хэрэв томилгоо тодорхой болбол хөрөнгө оруулагчид арай өөдрөг хүлээлттэй болж магадгүй юм. Үр дүнд нь урт хугацааны бондын өгөөж буурч, бодлогын хүү буурах хүлээлт нэмэгдэх магадлалтай байна. 

    - Ираны дайнаас хойш таваарын зах зээл огцом савлагаатай байна. Ялангуяа сүүлийн өдрүүдэд тодорхой чиглэлгүй огцом хөдөлгөөнүүд гарч байна. Энэ байдал хэр удаан үргэлжлэх бол? 

    - Одоохондоо АНУ, Ираны энхийн яриа хэлэлцээ үргэлжилж байна. “Bloomberg”-т нийтлэгдсэн шинэ мэдээллээс харахад гал зогсоох тохиролцоо хоёр долоо хоногоос ч цаашилж магадгүй байна. Талууд нэмж яриа хэлэлцээ хийхээр биечлэн уулзах боломжийг эрэлхийлж байх шиг байна.

    Зэвсэгт мөргөлдөөн дахиж гарахгүй гэдэгт хөрөнгө оруулагчид найдаж байна. АНУ, Ираны зөрчилдөөн дахиж хурцдахгүй, яриа хэлэлцээ үргэлжилж байгаа нь хөрөнгө оруулагчдын айдсыг намжааж байгаа. Ормузын хоолойн хөдөлгөөнийг хаасан зэргээс харахад дайны асуудал эдийн засгийн эрсдэлийг бууруулахад төвлөрч эхэлсэн байх шиг байна.

    OIL-GFX.png

    Хөрөнгө оруулагчид ч үүнд хариу үзүүлж, газрын тосны үнэ бага зэрэг буурсан. Зах зээл харьцангуй тайвширч байна. Зэсийн үнэ огцом сэргэж буй нь мөн сайн дохио. Сүүлд хүн бүр л газрын тос арилжиж байна. Үнэ өссөн дээр нь ашгаа аваад гарч эхэлж байх шиг байна. 

    Хэдий тийм боловч газрын тосны үнэ бүх өсөлтөө алдахгүй гэж бодож байна. Багадаа өсөлтийнхөө 20 ам.долларын үнэ цэнийг хадгалах болов уу. Нөхцөл байдал илүү намжих тохиолдолд уналт үргэлжилж магадгүй байна.

    - Та олон улсын зах зээлд олон жил ажилласан туршлагатай хүн. Өнөөгийн нөхцөл байдал, ханшид давтагдаж буй паттернууд танд аль үеийг санагдуулж байна вэ? 

    - Дэлхийн санхүүгийн хямрал, Украины дайн, Европын өрийн хямрал гээд л олон томоохон үйл явдлууд байна. Бид эдгээр үеийн адил зарчмаар өнөөдрийн хямралыг туулж, гарч байгаа гэж бодож байна.

    Ихэвчлэн Төв банкнууд, дэлхийн удирдагчдад асуудлыг шийдэх гол үүрэг очдог. Энэ удаад ч ялгаагүй байна. Иймэрхүү хямрал урт удаан хугацаанд үргэлжилдэггүй. Ямагт бодлогын хүү тогтвортой, компаниудын ашгийн үзүүлэлт сайн байх нь хамгийн чухал. Одоо энэ бүх нөхцөл бидэнд байна. АНУ-ын ашгийн улирал руу орсон байгаа, технологийн томчуудын тайлан гайхалтай сайн байна. Энэ ч үргэлжлэх байх. 

    Хиймэл оюуны эрэлт өндөр байна, үүнийг дагаад “Nvidia”, “Apple”, “Meta” зэрэг компаниас өндөр гүйцэтгэл хүлээж байна. Энэ нь ч ашиг олох боломж арвин хэвээр байгааг нотолж, хөрөнгө оруулагчдын санааг амраах болов уу. 

    Учир нь дайн эхэлсэн хэсэг хугацаанд хөрөнгө оруулагчид эрсдэл үүрэхээс эмээж, зах зээл огцом унаад байсан. Одоогоор хөрөнгө оруулагчид илүү том зургаар харж байна. Компаниуд мөнгө олох сайн нөхцөл байгаа тохиолдолд хөрөнгө оруулагчид ч хөрөнгийн зах зээлд мөнгө хийх сонирхол өндөр хэвээр байна.

    - Хөгжиж буй орнуудын хөрөнгийн зах зээлээс та юу ажигласан бэ? Монголын ТОП-20 индекс дайнаас хойш өндөр дүнгээр унасан тохиолдлууд гарсан. Азийн гол индексүүд юуг хэлж байна?

    Тодорхойгүй үед олон улсын хөрөнгө оруулагчид хөгжиж буй зах зээлд хамгийн их эргэлздэг. Ялангуяа валютын ханштай нь холбож нөхцөл байдлыг хардаг. Зөвхөн хувьцаа нь бус валют нь огцом унадаг тул хөрөнгө оруулахад эргэлзээ төрүүлдэг.

    CURNCY-GFX.png

    Азид яг энэ дүр зураг гарч байна. БНСУ-ын вон, Индонезийн рупи зэрэг валютууд нэлээд дарамттай тулгарсан. АНУ-ын Засгийн газрын бондууд эрс өссөн нь байдлыг дордуулсан байх. Гэхдээ одоо нөхцөл байдал харьцангуй тогтворжиж байна. Аливаа орны валютын ханш нь тогтворжих үед гадаадын хөрөнгө оруулагчид эргээд сонирхож, хөрөнгө оруулж эхэлдэг. 

    Ихэвчлэн томоохон хөрөнгө оруулагчид “dual” стратегитай байдаг. Валют, хувьцаа зэрэгт хөрөнгө оруулж, эрсдэлээ тэнцвэржүүлдэг. Одоо энэ стратеги эргээд дэлгэрэх хүлээлттэй байна. 

    Cэтгэгдэл бичих