
Зургийг: Al Drago/Bloomberg
- Бид Чапел-Хиллд ажиллаж байна. Энд хиймэл оюуны салбарын хамгийн нөлөө бүхий эрхмүүд цугларсан байна. Каролинад гараад алхахад хиймэл оюуны салбарын “Рашмор уул”-ыг харж буй мэт л сэтгэгдэл төрж байна. Женсен Хуан, Сэм Олтман, Алекс Карп. Мөн энэ жагсаалтад Ховард Лутникийг ч орхигдуулж болохгүй. АНУ-ын Худалдааны сайд Ховард Лутник Хойд Каролинад болж буй энэхүү уулзалтыг удирдан зохион байгуулж байгаа бөгөөд “Bloomberg” телевизийн шууд эфирт зочноор оролцлоо.
- “Их 20”-ийн уулзалтаар тантай уулзаж байгаадаа таатай байна
- Надад ч мөн таатай байна.
- Тэгэхээр бид хиймэл оюуныг олон нийтэд хэрхэн ойлгуулж, таниулах тухай болон Сангийн сайдын өнгөрсөн орой хэлсэн байр суурийн талаар сая ярилцаж байлаа л даа. Таны эргэн тойронд дэлхийн хамгийн ухаалаг гэж хэлж болох хүмүүс цуглараад байна. Та тэдэнтэй нээлттэй ярилцлага хийж байгаа. Тэдний яриаг сонсох үнэхээр сонирхолтой байлаа. Хэдий тийм боловч хиймэл оюуны технологи болон түүнийг хөгжүүлэхэд шаардлагатай дата төвүүдэд эргэлзэж буй америкчуудад үүний ач холбогдлыг ойлгуулж чадаагүй нь таны гайхширлыг төрүүлж байна уу?
- Өнөөдрийн хувьд тэд энэ сэдвийн гол санааг угаас нь бүр үгнээс нь ухаж тайлбарлахыг хичээлээ гэж бодож байна. Өмнө нь тэд “оюун ухаан” гэдэг үгийг ашиглаж, дата төвүүд оюун ухаан бий болгодог гэж ярьдаг байсан. Харин өнөөдөр “Их 20”-ийн уулзалтын үеэр хэлсэнчлэн үүнийг “саванд багтаасан боловсрол” гэж тайлбарлах нь илүү оновчтой. Дэлхийн хамгийн ухаалаг хүмүүс бүгд танай улсад нүүж ирээд, танай хэлээр ярьж, таны хүссэн төслүүд дээр ажиллахад бэлэн байна гээд төсөөлөөд үз. Та үнэхээр тэднийг улсдаа оруулахгүй байх байсан гэж үү? Хиймэл оюун гэдэг үүнтэй л адил. Хиймэл оюун бол боловсрол.
Энэ бол дэлхийн хамгийн ухаалаг хүмүүсээр хүссэн ажлаа хийлгэх боломж юм. Өнөөдрийн хэлэлцүүлгээр миний хүргэхийг зорьсон гол санаа бол улс орнууд АНУ-ын технологийн цогц систем болон хиймэл оюуныг ашиглан хөгжиж, бүтээн байгуулалт хийж чадна гэдгийг дэлхий нийтэд ойлгуулах явдал байлаа.
- Дата төвүүдийн талаар ташаа мэдээлэл тараах замаар манай өрсөлдөгчид энэ хуралдааны үеэр дурдагдаж байгаа эерэг ойлголтыг үгүйсгэхийг оролдож байж болзошгүй гэж та хэлсэн. Энэ үнэн үү? Ташаа мэдээлэл хаанаас гарч байна вэ?
- Тийм ээ. Ус хамгийн их хэрэглэдэг салбар бол бүйлсний тариалан, дараа нь мал аж ахуй. Харин дата төвүүд ус хэрэглэдэггүй. Зүгээр л ташаа мэдээлэл.
- Гэхдээ эхэн үеийн дата төвүүд ус их хэрэглэдэг байсан биз дээ? Шинэ байгууламжууд усны эргэлт болон хөргөлтийн өөр систем ашигладгийг бид мэднэ. Хэдий тийм боловч хүмүүсийн ой тоонд дуу чимээ ихтэй, ус болон эрчим хүч ихээр хэрэглэдэг хуучны дата төвүүд л буугаад байх шиг?
- Тэгэхээр яг үнэндээ аливаа орон нутаг дата төв байгуулахыг дэмжвэл эдийн засгийн өндөр өгөөж хүртэнэ. Эрчим хүчний шинэ эх үүсвэрүүд баригдаж, цахилгааны үнэ буурна. Дата төвүүд татвар төлж, тухайн орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулна. Хэрэв аливаа орон нутаг дата төвөөс татгалзвал өөр газар уг боломжийг ашиглах болно. Дата төвүүд бол одоогийн шилжилтийн нэгээхэн л хэсэг нь. Тухайлбал: өөр газар нутагт байрлах дата төвийн хүчин чадлыг түрээслэн ашиглах ч боломж бий. Боловсролын шинэ эрин үе ирж байна. Боловсрол хүн бүрд хүртээмжтэй болж, бизнес эрхлэх шинэ боломжууд нээгдэнэ. Энэ нь дэлхийн хамгийн бизнес эрхлэгч сэтгэлгээтэй орон болох АНУ-д онцгой ач холбогдолтой. Өнгөрсөн онтой харьцуулахад шинэ бизнес, гарааны стартапын тоо 40 хувиар өссөн. Ердийн үед энэ үзүүлэлт хоёр орчим хувиар нэмэгддэг. Энэ бол АНУ-ын давуу тал бодитоор илэрч буйн хэрэг.
- Таны түрүүн хийсэн нээлттэй ярилцлагын үеэр Сэм Олтман энэ санааг тун тодорхой илэрхийлж байсан. Харин ташаа мэдээллийн асуудлаар та БНХАУ-ын төлөөлөгчтэй ярилцсан уу? Дата төвийн асуудлыг хэлэлцсэн үү?
- Бид БНХАУ-ын төлөөлөгчидтэй уулзаж, хэрхэн хамтран ажиллах талаар ярилцсан. “Их 20”-ийн гол зорилго нь улс орнууд хамтран шийдэл олох явдал. “Бид хиймэл оюун, технологийн чиглэлээр баримтлах үндсэн зарчим, тодорхой зөвлөмжүүдийг хамтран боловсруулж чадах уу? Үүнд “Их 20”-ийн бүх гишүүн хамтарч чадах уу? гэдгийг хэлэлцсэн. Эцэст нь бид бүгд нэгдсэн байр суурьт хүрнэ гэж бодож байна.
- Гэхдээ өрсөлдөөн биш гэж үү? Нэг тал нь ялагдаж л таарна шүү дээ?
- Үгүй дээ.
- Буруу гэж үү?
- Тийм ээ.
- Бид БНХАУ-ыг ялахыг зорьж байгаа биш хэрэг үү?
- Тийм ээ. Тэгэхээр бид АНУ-ын хиймэл оюуны технологийн цогц системээр дэлхийд тэргүүлэхийг зорьж байна. Хиймэл оюуныг боловсролтой зүйрлэвэл дэлхийн хамгийн дэвшилтэт, ухаалаг загварууд АНУ-ынх. Тэд багшийн үүрэг гүйцэтгэж байна. Багш нь тэргүүлэх байр сууриа хадгалахын тулд тасралтгүй суралцаж байвал сурагчид үргэлж бага зэрэг хойно нь л явна. БНХАУ-ын нээлттэй эхийн загваруудын өнөөгийн нөхцөл байдал үүнтэй адил. Тэд биднээс суралцаж байгаа бол “OpenAI”, “Anthropic” зэрэг компани технологийн тэргүүн эгнээнд байна. “Anthropic”-ийг үүсгэн байгуулагчдын нэг Том Браун өнөөдөр энд ирж, ярилцлагад маань оролцсон. Эдгээр компани технологийн тэргүүн шугамд манлайлж буй салбартаа багш нар нь юм. Харин багш өөрөө дэлхийн хамгийн шилдэг нь хэвээрээ байвал БНХАУ-ын нээлттэй эхийн загварууд хэдэн үеэр хоцорсон хэвээр л байх болно.
- Таны хэлснээр БНХАУ сурагч нь болж таарлаа. Таныг Том Браунтай ярилцаж байхыг харах сонирхолтой байсан. “Anthropic” Дональд Трампын засаг захиргаатай харилцаагаа хэвийн болгосон уу?
- Тийм ээ. Бидний хооронд багагүй маргаан өрнөсөн.
- Тэр ч тэгсэн шүү.
- Харин тийм. Илт мэдрэгдсэн байх. Гэхдээ юу гээч? Тэд одоо бол учрыг нь ойлгосон.
- Юуг ойлгосон гэж?
- АНУ-аас илүү сайн улс байхгүй, мөн АНУ-ын талд байх хэрэгтэй гэдгийг. Учир нь АНУ ч тэдний талд байгаа.
- Тэдэнд үүнийг ойлгуулах шаардлага байсан уу?
- Тэд энэ асуудлаар бага зэрэг төөрөлдсөн байсан гэж бодож байна. Гэхдээ бид ойлголцож чадсан. Ерөнхийлөгч асуудлыг шийдвэрлэсэн, би ч мөн хувь нэмрээ оруулсан. Одоо бид нэгдсэн ойлголттой болсон гэж бодож байна. Энд “OpenAI”-ийг төлөөлж Сэм Олтман, “Anthropic”-ийг төлөөлж Том Браун, мөн Женсен Хуан хүрэлцэн ирсэн.
- Тийм ээ яриангүй.
- Алекс Карп ч сая ирлээ. Бид АНУ-ын технологийн цогц системийн боловсролыг хүн бүрд хүртээмжтэй болгоно гэдгийг “Их 20”-ийн сайд нарт ойлгуулахыг зорьж байна. Улс орнууд үүнийг нэвтрүүлэх хэрэгтэй. Тухайн орны хэлээр ажиллаж, дэлхий ертөнцийг илүү сайхан болгоход л ашиглагдана шүү дээ. Дэлхийг өөрчлөх энэ боломжийг АНУ-ын технологийн цогц систем хөтлөх болно.
- Энд БНХАУ-ын талаар нэлээд яригдаж байна. Чипт ногдуулах тарифын асуудал ч анхаарал татаж байна. Тариф бүх хагас дамжуулагчид хамаарах уу, аль эсвэл зөвхөн санах ойн чип эсвэл түүнээс өргөн хүрээг хамрах уу гэдэг нь тодорхойгүй байна. Та бүхэн ямар арга хэмжээ зарлахаар бэлтгэж байна вэ?
- Дональд Трампын засаг захиргаа “АНУ-д үйлдвэрлэвэл тариф төлөхгүй” гэдгийг үргэлж тодорхой хэлж ирсэн. Бид ажлаа хүлээн авах үед АНУ дэлхийн хагас дамжуулагчийн үйлдвэрлэлийн ердөө нэг орчим хувийг бүрдүүлж байсан. Харин одоо үүнийг 40 хувьд хүргэх зорилготой. Хэрэв “Intel” амжилттай ажиллавал, одоогийн ахицыг харахад тийм боломж бүрдэж байгаа бөгөөд Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааны эцэс гэхэд дотоодын үйлдвэрлэлийг 50 хувьд хүргэж чадна. Тэр үед бүх үйлдвэр бүрэн ашиглалтад ороогүй байж болох ч 40-50 хувийн үйлдвэрлэлд хүрэх үйлдвэрүүдийн бүтээн байгуулалт эхэлсэн байх ёстой. Энэ бодлого эмийн салбарт амжилттай хэрэгжсэнийг бид харсан. АНУ-д үйлдвэрээ барьж байгаа хугацаанд тариф төлөхгүй. Харин энд үйлдвэр байгуулах хүсэлгүй бол дэлхийн хамгийн том зах зээлд нэвтрэх эрхийн төлөө тариф төлөх л ёстой.
Бид дотоодын хэрэглээнийхээ 50 хувийг АНУ-д үйлдвэрлэх зорилт тавьсан. Одоогоор нийт 1.2 их наяд ам.долларын хөрөнгө оруулалтын амлалт аваад байна. Үүнээс “TSMC” 265 тэрбум ам.доллар, “Micron” 250 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болсон. Зөвхөн энэ хоёр компанийн хөрөнгө оруулалт нийлээд 500 тэрбум ам.доллароос давж байна. Компаниуд АНУ-д ирж, үйлдвэрүүдээ байгуулж буй нь бодлого үр дүнтэй байгааг харуулж байгаа хэрэг.
- “SK Hynix” болон “Samsung Electronics”-т АНУ-д үйлдвэрээ байгуулах шаардлагатай гэсэн дохиог өгөөд байна уу даа?
- Тийм ээ. Тэд энд үйлдвэрээ байгуулах ёстой. Энэ бол амин чухал.
- Ирэх хоёр жилийн дотор зорилтот түвшинд хүрэх хэмжээний чипийн үйлдвэр хангалттай хурдан барьж чадах уу? Бараг л боломжит хязгаарыг давсан зорилт байна.
- Тэр хугацаанд үйлдвэрүүдийг бүрэн барьж дуусгаж чадах эсэхийг хэлж мэдэхгүй. Хэдий тийм боловч томоохон бүтээн байгуулалтуудыг эрчимтэй эхлүүлж чадна. “TSMC” л гэхэд 265 тэрбум ам.долларын асар том төслүүд хэрэгжүүлж байна. Барилгын ажлууд эхэлж, бетоноо цутгаж, нийлүүлэлтэд урт хугацаа шаарддаг тоног төхөөрөмжүүдийн их хэмжээний захиалгыг өгч байна.
Цөмийн эрчим хүчний салбарт ч мөн ийм бодлого хэрэгжүүлнэ. Бид АНУ-д үйлдвэрлэж, бүтээн байгуулахыг хүсэж байна. Дональд Трампын бүрэн эрхийн хугацаанд дэвшилтэт үйлдвэрлэл, хагас дамжуулагч, эм болон цөмийн эрчим хүчний үйлдвэрүүдийн бүтээн байгуулалтыг бодитоор эхлүүлэх зорилготой. Ингэж байж АНУ ялна.
- Тарифын асуудлыг хөндсөнийх Канадын талаар асуухгүй өнгөрч чадахгүй нь. Би өнгөрсөн долоо хоногт Даг Фордтой ярилцсан. Тэрбээр АНУ шаардлагаа байнга өөрчлөөд байсан гэж хэлсэн.
- Тэгээгүй ээ.
- Өөр байр суурьтай байгаа гэсэн. Ер нь энэ асуудлыг шийдвэрлэх боломж үлдсэн үү, эсвэл хэлэлцээ бүрэн зогссон уу?
- Үгүй дээ, Яг юу болсон бэ гэхээр Канадын тал бидэнд хандаж, түр гэрээ байгуулах санал тавьсан. “АНУ-Мексик-Канадын хэлэлцээр”-ийн өргөн хүрээний хэлэлцээг эхлүүлэхээс өмнө бид зургаан долоо хоногийн турш ажиллаж, тохиролцоонд хүрээд байсан. Марк Карни Ерөнхийлөгчтэй хэд хэдэн удаа утсаар ярилцсан. Би тэр үед Ерөнхийлөгчтэй нэг өрөөнд байсан, тэд тохиролцсон. Үүний дараа Ерөнхийлөгч “Truth Social”-доо “Бид хэлэлцээр байгууллаа” гэж нийтэлсэн. Ингээд бид зөвхөн гэрээний эцсийн нарийн зүйлсийг л эцэслэж байсан. Гэтэл баасан гарагийн 04.00 цагт Канадын төлөөлөгчид над руу залгаж, хүнд даацын ачааны автомашины асуудлыг нэмж оруулах хүсэлт тавьсан. Би тэгэхэд нь “Одоо баасан гарагийн өглөөний 04.00 цаг болж байна. Бид 06.00 цаг юм уу, 07.00 цаг гээд гарын үсэг зурах гэж байхад шинэ асуудал нэмж болохгүй” гэж хэлсэн. Мөн “Та нар энэ хэлцлийг зориуд нураах гээд байна уу?” гэж асуухад “Бидэнд хэлэх эрх нь байхгүй ээ” гэж хариулсан.
Тэд Канадын дотоод улс төрийн шалтгаанаар улсынхаа эдийн засагт хохиролтой байсан ч хамаагүй сонгуульд ялахын тулд Дональд Трамптай сөргөлдөхийг илүүд үзсэн. Тухайн үед Квебект тусгаар тогтнолыг дэмжигч нам тэргүүлж байсан. Тиймээс тэд франц хэлтэй холбоотой энэ утгагүй асуудлаа гаргаж ирсэн. АНУ-ын тал Квебекийн иргэд ямар хэлээр ярих талаар ярьсан гэж та бодож байна уу? Бид Франц, Итали, Германтай гэрээтэй. Тэд ямар хэлээр ярьдаг нь бидэнд хамаагүй. Тиймээс Даг Форд үнэн яриагүй. Альбертад тусгаар тогтнолын асуудлаар санал хураалт болох гэж байна. Канадын Либерал нам сонгуульд ялахын тулд улсынхаа эдийн засгийг ашиглаж, иргэдийнхээ эрх ашгийг золиосолж байна. Үнэхээр гунигтай, бас урам хугалсан ч бодит байдал ийм л байна даа.
- Хэлцэл мөддөө хийгдэхгүй шинжтэй сонсогдож байх чинь
- Тийм л бололтой