logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    ДЭЗФ
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    ДЭЗФ: Монгол эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс 2 дахин их цагийг цалингүй хөдөлмөрт зарцуулж байна
    Нийтэлсэн огноо: 2026 оны 09 сарын 17 16:35
    1039

    Зургийг: Tomohiro Ohsumi/Bloomberg

    Монгол эмэгтэйчүүд хоногийн нийт цагийнхаа 19.06 хувийг гэр орны цалингүй хөдөлмөр, асрахуйн хөдөлмөрт зарцуулдаг бол эрэгтэйчүүдийн хувьд энэ үзүүлэлт 9.19 хувь байгааг Дэлхийн Эдийн Засгийн Форумын 2026 оны Жендерийн ялгаатай байдлын тайланд мэдээлжээ.

    Өөрөөр хэлбэл монгол эмэгтэйчүүд хоногийн 24 цагийн дунджаар 4 цаг 30 минутыг буюу эрчүүдийнхээс 2 цаг 22 минутаар илүү хугацааг гэрийн ажил, хүүхэд болон гэр бүлийн гишүүдээ асрахад зарцуулдаг аж. Энэ зөрүүг жилд шилжүүлэн тооцвол ойролцоогоор 865 цаг буюу ажлын 108 өдөртэй тэнцэхээр байна.

    ДЭЗФ-ын тайланд дээрх үзүүлэлтийг тооцохдоо дэлхийн 28 улсын 2023 оноос хойших боломжит судалгааны мэдээллийг ашиглажээ. Судалгаанд багтсан Зүүн Ази, Номхон далайн бүсийн орнуудтай харьцуулбал монгол эмэгтэйчүүдийн цалингүй хөдөлмөрт зарцуулах хугацаа хамгийн өндөр нь байна. Тухайлбал: Австралид эмэгтэйчүүд хоногийн 17.12 хувийг, БНХАУ-д 15.35 хувийг, Японд 14.71 хувийг, БНСУ-д 12.85 хувийг зарцуулдаг аж. Харин зөрүүтэй байдлаар тооцвол дээрх улсуудынх Монголоос илүү буюу Японд эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс 3.9 дахин, БНСУ-д 3.4 дахин, БНХАУ-д 2.6 дахин их цагийг цалингүй хөдөлмөрт зориулдаг байна.

    unpaid_work_hours_selected_countries_2048x1128.jpg

    Хөдөлмөрийн зах зээлийн оролцоо, орлогын зөрүүтэй байдалд цалингүй хөдөлмөрийн нөлөөлөл мөн ажиглагдаж байна. Тайланд дурдсанаар боловсрол эзэмшилтийн үзүүлэлтээр Монгол Улс 100 хувийн үнэлгээтэй буюу боловсролын хүртээмж дэх жендерийн зөрүүг бүрэн арилгасанд тооцогдож, дэлхийн 145 орноос нэгдүгээрт жагссан байна.  Хэдий тийм боловч монгол эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцооны түвшин 54 хувь байгаа бол эрэгтэйчүүдийнх 70.35 хувь, эмэгтэйчүүдийн жилийн дундаж орлого 13,320 ам.доллар бол эрэгтэйчүүдийнх 20,380 ам.доллар байгаа юм. Түүнчлэн Монголын компаниудын 45.1 хувийнх нь дийлэнх эзэмшил эмэгтэйчүүдийнх бол ердөө 26.96 хувь нь эмэгтэй дээд удирдлагатай байна. 

    Ерөнхий үзүүлэлтийг харвал Монгол Улс 2026 оны Жендерийн ялгаатай байдлын индексээр жендерийн зөрүүтэй байдлын 71.9 хувийг арилгаснаараа 145 орноос 70 дугаарт эрэмбэлэгджээ.Өмнөх онд 72.8 хувийн үнэлгээтэйгээр 65 дугаарт бичигдэж  байсан бол энэ онд үнэлгээ 0.9 нэгж хувиар буурч, таван байр ухарсан байна. Мөн эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоо, боломжийн үзүүлэлтээр Монголын үнэлгээ 77.1 хувиас 75.5 хувь болж буурч, дэлхийн эрэмбэ нь 20 дугаар байрнаас 32 дугаар байр руу ухарчээ.

    Cэтгэгдэл бичих