
Зургийг: Krisztian Bocsi/Bloomberg
Дэлхийн өнөөгийн дэг журам алдагдсаныг бодлого тодорхойлогчид, экспертүүд анхааруулж буй энэ үед “Хамтын ажиллагааны мөн чанар” сэдвээр зохион байгуулагдаж байгаа Дэлхийн Эдийн Засгийн Форум ойрын жилүүдэд дэлхий дахинд учирч болох хамгийн том эрсдэлээр гео-эдийн засгийн зөрчлийг нэрлэлээ.
Хөрөнгөтнүүд, элитүүд Швейцарын Давост чуулахын өмнө жил бүр гаргадаг “Олон улсын эрсдэлийн судалгаа”-ны тайлангаас үзвэл улс орнууд хооронд итгэлцэл, ил тод байдал, хууль дээдлэх ёсыг хүндэтгэх явдал буурч, Засгийн газрууд олон талт бодлогоос татгалзаж, протекционизм нэмэгдсэн нь олон улсын харилцаа, худалдаа, хөрөнгө оруулалтад сөргөөр нөлөөлж байгаад судалгаанд оролцогчдын дийлэнх нь санаа чилээжээ.
Ерөнхийдөө 2026 оны эрсдэлийн төлөвийг тодорхойлж буй сэдэв нь тодорхойгүй байдал байна. Судалгаанд оролцогчдын дийлэнх нь дэлхийн эдийн засгийн богино болон урт хугацааны төлөвийг сөрөг гэж үзсэн бол 50 хувь нь дараагийн хоёр жилд эдийн засаг тогтворгүй байх төлөвтэй гэж хариулсан байна. Харин 57 хувь нь ирэх 10 жилд тогтворгүй байдал үргэлжилнэ гэж үзжээ.
Гэхдээ энэ онд Давост цугласан эрхмүүдийн анхаарлыг дэлхийн эрсдэлүүд гэхээсээ илүү хиймэл оюун хамгийн ихээр татаж байна. Хиймэл оюуны ирээдүйн потенциал, учруулах аюулын талаар дурдаагүй хурал, хэлэлцүүлэг бараг байгаагүй гэхэд болно. “Технологийн хувьсгал бүр тодорхойгүй байдал, тасалдлын мөчлөгт хүргэдэг ч эцэстээ хүн төрөлхтний амьдралын чанарыг сайжруулдаг. Хиймэл оюунд ч гэсэн ижил зүйл тохиолдоно гэж бодож байна” хэмээн венчур капиталын “B Capital”-ийн Гүйцэтгэх захирал Раж Гангули Дэлхийн Эдийн Засгийн Форумын үеэр онцолж байлаа.
Инфляц эргэн нэгдүгээрт
Улс тус бүрд тулгарах богино хугацааны эрсдэлүүдийг эрэмбэлсэн Дэлхийн Эдийн Засгийн Форумын судалгаанд Монголоос оролцогчид ирэх хоёр жилийн хугацаанд Монгол Улсад хамгийн том нөлөө үзүүлэх магадлалтай эрсдэлээр инфляцыг нэрлэжээ. Харин өнгөрсөн онд тэргүүлэх эрсдэлүүдээр нэрлэгдэж байсан ажиллах хүч, ур чадварын хомсдол ба эрчим хүчний нийлүүлэлтийн хомсдол энэ онд “Топ 5”-д багтаагүй байна.
Гурван жилийн өмнө төсвийн тэлэлт, өрийн дарамт, түүхий эдийн үнийн уналттай холбоотой макро эдийн засгийн асуудлууд хурцдаж байх үед 2024 оны Монгол Улсын тэргүүлэх эрсдэлээр Эдийн засгийн уналт болон инфляц нэрлэгдэж байлаа. Харин энэ онд үнийн өсөлт, эдийн засагтай холбоотой асуудлуудад санаа зовох хандлага эргэн хүчээ авсан нь судалгааны үр дүнгээс харагдаж байна.
“Гео-эдийн засгийн сөргөлдөөн улам нэмэгдэж байгаа учраас тодорхой ашигт малтмал, нөөцийн үнэ өсөж, улмаар хэрэглэгчдийн төлөх үнэд нөлөөлж эхлэх үү гэдэг нь чухал. Эрсдэлийн тайланд бидний онцолж буй өөр нэг эрсдэл бол энэ оны турш “бумеранг” маягийн инфляц эргэн ирэх магадлалтай” хэмээн Дэлхийн Эдийн Засгийн Форумын Гүйцэтгэх захирал Саадиа Захиди “Bloomberg TV Mongolia”-д өгсөн тусгай ярилцлагадаа онцолж байв.
ДЭЗФ-ыг тойрсон үйл явдлууд, хөндөгдсөн гол асуудлууд, нэр хүндтэй эрхмүүдийн байр суурийг багтаасан Тусгай хөтөлбөрийг I/23-ны баасан гарагт 18.00 цагаас хүлээн авч үзээрэй.