
Зургийг: president.mn
Эрдэнэбүрэнгийн 90 мегаваттын усан цахилгаан станцын бүтээн байгуулалт 40 хувьтай үргэлжилж байна. Станцын барилгын суурь, ус хуримтлуулах худаг, 1-4 дэх генераторын эхний давхаргын бетон цутгалтын ажлууд дуусаад байгаа аж.
Жилд 360 сая киловатт цаг эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай энэхүү усан цахилгаан станцыг 2030 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгааг Ерөнхийлөгчийн Тамгын газар мэдээллээ. Усан цахилгаан станц ашиглалтад орсноор баруун бүсийг эрчим хүчээр бүрэн хангахаас гадна төвийн бүсийн эрчим хүчний системд дэмжлэг үзүүлнэ.
Мөн 100 орчим байнгын ажлын байр бий болж, усалгаатай газар тариалан, байгалийн аялал жуулчлал хөгжих нөхцөл бүрдэнэ гэж тооцоолж байна. Түүнчлэн 11 тэрбум метр куб багтаамжтай усан сан, далан барьснаар 24 км урт, дөрвөн км өргөн нуур бий болох юм.
Үүнээс гадна нүүрсхүчлийн хийн ялгарлыг жилд 300 мянган тонноор бууруулах, үүнтэй дүйцэх нүүрсний хэрэглээ 110 мянган тонноор буурах, жилд ойролцоогоор 120 мянга гаруй өрхийн цахилгааны хэрэгцээг хангах, орон нутгийн эрчим хүчний бие даасан байдлыг бүрдүүлэх ач холбогдолтойг тодотгож байна.
Цахилгаан станцын барилгын ажлыг БНХАУ-ын “Пауэр Чайна” компани гүйцэтгэж байна. Төслийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхээр гадаад зээлийн ашиглалтыг нэмэгдүүлэх хуулийг УИХ-ын хаврын чуулганаар баталсан юм.