
Зургийг: president.mn
Бүгд Найрамдах Киргиз Улсын Бишкек хотноо болж буй Шанхайн Хамтын Ажиллагааны байгууллагын дээд түвшний уулзалтын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар уулзлаа. Уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ОХУ-Монгол Улсын худалдааны эргэлт 2025 онд 4.5 хувиар өссөн бол 2026 оны эхний хагаст 18 гаруй хувиар тэлснийг онцолсон байна.
Төрийн тэргүүн нар “Иж бүрэн стратегийн түншлэл”-ийн харилцааг улам гүнзгийрүүлж, шинэ агуулгаар баяжуулахын зэрэгцээ худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан ашигтай томоохон төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлэхийн чухлыг онцоллоо.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сайн хөршийн найрсаг харилцааг бүх салбарт идэвхтэй хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг гэдгийг тэмдэглэж, дээд, өндөр түвшний харилцан айлчлал, уулзалт тогтмолжиж, хамтын ажиллагаа хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн байна.
Мөн ОХУ-ын Гадаад хэргийн яамны мэдээлснээр Владимир Путин долоодугаар сард хүчин төгөлдөр болсон Евразийн Эдийн засгийн холбоо болон Монгол Улс хоорондын худалдааны хэлэлцээр нь тус холбооны бүх нутаг дэвсгэрт Монголын экспортод таатай нөхцөлийг бүрдүүлнэ гэж найдаж буйгаа дурджээ.
Уулзалтын үеэр Төрийн тэргүүнүүд “Эгийн голын усан цахилгаан станц” төслийн эрдэмтэн судлаачдын хамтарсан ажлын хэсгийн ажлыг эрчимжүүлж, төслийг урагшлуулах, түүнчлэн Дулааны III цахилгаан станцыг өргөтгөж, шинэчлэх талаар санал солилцсон байна.
Мөн “Улаанбаатар төмөр зам” Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн техник, технологийг шинэчилж, ирэх таван жилд ачаа тээврийн хүчин чадлыг одоо байгаа 30 сая тонноос 50 сая тонн хүргэхээр тохиролцжээ. Монгол Улс, ОХУ, БНХАУ-ыг холбосон төмөр замын баруун, зүүн коридор байгуулах боломжийг судлахаар болсон байна.
Түүнчлэн “Росатом”-тай хамтарч бага болон дунд оврын атомын цахилгаан станц барих талаар ярилцсаныг Ерөнхийлөгчийн Тамгын газар мэдээллээ.
Үүнээс гадна олон улсад нийлүүлэлт доголдолтой байгаа ч Монгол Улсын шатахууны хэрэгцээг тогтвортой хангаж, түлшний аюулгүй байдлыг баталгаажуулахаа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин илэрхийлсэн байна.
Үүнээс өмнө Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцож, хэлсэн үгэндээ "ШХАБ нь “Хэлэлцээний байгууллага”-аас “Хэрэгжилтийн байгууллага” болж, хөгжинө гэдэгт итгэлтэй байна" гэж онцолсон байна.
Өргөтгөсөн хуралдаанаар гишүүн орнууд “Бишкекийн тунхаглал” болон аюулгүй байдлыг хангах, эрчим хүч, тээвэр, логистик, мэдээллийн аюулгүй байдал зэрэг салбарт хамтран ажиллах талаар 28 баримт бичигт гарын үсэг зурлаа.
Үүнээс гадна дээд түвшний уулзалтын хүрээнд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин нар уулзахдаа ирэх 11 дүгээр сард болох APEC-ийн чуулганаар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг оролцуулсан гурван талт уулзалт зохион байгуулах боломжийн талаар хэлэлцсэн байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины хувьд тус чуулганд оролцож, БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин болон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай аль алинтай нь уулзахыг зорьж буйг Кремлийн Гадаад бодлогын зөвлөх Юрий Ушаков мэдээллээ.