logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Монгол Улс, БНХАУ-ын худалдааны эргэлтийг ирэх 5 жилд $30 тэрбум хүргэхээр тохиролцов
    Нийтэлсэн огноо: 2026 оны 09 сарын 01 10:00
    291

    Зургийг: president.mn

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд оролцохын өмнө БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпинтэй уулзлаа

    Бүгд Найрамдах Киргиз Улсын Бишкек хотноо болж буй  Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын дээд түвшний уулзалтын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин нар уулзаж, худалдааны эргэлтийг ирэх таван жилд 30 тэрбум ам.доллар хүргэхээр тохиролцлоо. 

    Талууд “Иж бүрэн стратегийн түншлэл”-ийн харилцаа бүхий л салбарт өргөжин хөгжиж, улс төрийн харилцан ойлголцол, итгэлцэл улам бэхжиж байгаад  сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн худалдаа, эдийн засаг, хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт, сэргээгдэх эрчим хүч, байгаль орчин, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр зэрэг салбарын хамтын ажиллагааг урагшлуулахаар дээд түвшинд харилцан тохиролцсон зүйлс бодит үр дүнд хүрч байгааг сайшаалаа.

    Төрийн тэргүүнүүд хил дамнасан төмөр замын боомт байгуулах нь худалдаа, эдийн засагт  чухал ач холбогдолтойг онцолжээ. Энэ хүрээнд Гашуунсухайт-Ганцмод боомтын бүтээн байгуулалтыг 2027 онд дуусгах, Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандалын хил дамнасан төмөр замыг шат дараатай ашиглалтад оруулах талаар санал солилцсон байна.

    Мөн БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин олон улсын геополитик, геостратегийн нөлөөгөөр дэлхийн зах зээлд түлш, шатахууны нийлүүлэлт тогтворгүй байгаа ч Монгол Улсын нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлтэд дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэв. 

    Үүнээс гадна талууд Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын гурван талт хамтын ажиллагаа, түүний дотор “Төмөр замын төв коридор”-ыг шинэчилж, хүчин чадлыг нь нэмэгдүүлэх, хийн хоолойг Монголын нутаг дэвсгэрээр дамжуулах, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын явцын талаар ярилцсан байна.

    Cэтгэгдэл бичих