
Зургийг: Qilai Shen/Bloomberg
(Bloomberg) -- Дэлхий даяар хүнсний үнэ долоодугаар сард сүүлийн гурван жилийн хамгийн өндөр дүнгээр өслөө. Үүнд гол үр тарианы экспортын коридоруудыг тойрсон болгоомжлолоос гадна тариалангийн бүс нутгуудад цаг агаар таагүй байгаа нь нөлөөлж байна. Тодруулбал: НҮБ-аас гаргадаг хүнсний барааны үнийн индекс долоодугаар сард өмнөх сараас 0.6 хувиар өсжээ. Онцолбол улаанбуудай, элсэн чихэр болон ургамлын тосны үнэ өсөлтөөрөө тэргүүлж байна.
АНУ-Ираны дайнаас гадна ургац хураалт буурах, худалдааны тодорхойгүй байдал болон цаг уурын эрсдэлүүд нь дэлхийн хүнсний зах зээлийн анхаарлын төвд байгаа юм.
Ялангуяа ОХУ-Украины харилцан цохилтууд эрчимжсэн нь бүс нутгаас улаанбуудай нийлүүлэхэд хүндрэл учирч болзошгүй гэсэн болгоомжлолыг нэмэгдүүлж буй.
Улаанбуудайн үнэ долоодугаар сард өмнөх сараас 5.8 хувиар өссөн бол өмнөх оны мөн үеэс 10 орчим хувиар өсөөд байна. Мөн эрдэнэ шишийн үнэ өмнөх сараас 3.6 хувиар өссөн бол ургамлын тосны үнийн индекс 2022 оны зургаадугаар сараас хойших дээд түвшинд хүрчээ.
АНУ-д улаан буудайн фьючерс ханш долоо хоногийн дээд түвшинд хадгалагдаж байна. Даваа гарагт 1.6 хувиар өсөж, бушель нь 6.69 ам.доллар хүрчээ.
Европт хэт халууны улмаас улаанбуудайн ургац буурах эрсдэл үүсээд буй. Харин АНУ-ын тариалангийн гол бүсүүдэд хуурай цаг агаар нь эрдэнэ шиш болон шар буурцгийн ургацад сөргөөр нөлөөлөх төлөвтэй байгаа аж.