
Зургийг: astanatimes.com
Казахстан улс 70 гаруй жилийн дараа анх удаа зэрлэг бар байгальд тавьж, бүс нутагт устаж үгүй болсон араатныг сэргээн нутагшуулах олон арван жилийн ажилдаа томоохон ахиц гаргасан болохоо мэдээллээ.
Казах хэлээр "итгэл найдвар" гэсэн утга бүхий "Үмит" нэртэй Амар мөрний эмэгчин барыг долоодугаар сарын 31-нд Или-Балхашийн Байгалийн нөөц газарт суллан тавьсан бөгөөд байршил тогтоох хүзүүвчээр хөдөлгөөнийг нь хянаж байгааг Казахстаны Экологи, байгалийн нөөцийн яам онцолсон байна.
Или мөрний адаг, Балхаш нуурын өмнөд эрэг орчмын шигүү ойн бүсэд Каспийн бар буюу Тураны барын уугуул популяц тархаж байсан ч XX зууны дунд үеэс үзэгдэхээ больсон аж. Голын татмын ой сийрэгжин устаж, гөрөөсний тоо толгой буурч, хүний үйл ажиллагаа болон хяналтгүй агнуур өссөний нөлөөгөөр Каспийн бар идэш тэжээл, амьдрах орчингүй болж устсан гэж үздэг.
Өнөө цагт дэлхий дээр барын зургаан дэд төрөл амьдарч байгаагаас Амар мөрний бар нь Каспийн бартай хамгийн ойр төрөлд тооцогддог байна. Энэ оны тавдугаар сард ОХУ-ын Хабаровскийн хязгаараас Казахстанд тээвэрлэн авчирсан дөрвөн барын нэг нь "Үмит" аж. "Амур" нэртэй нас бие гүйцсэн эрэгчин, "Туран", "Уссури" нэртэй хоёр бамбарыг бие даан амьдрах чадварыг нь тодорхойлж, мэргэжилтнүүдийн дүгнэлт гарсны дараа "Үмит"-ийн араас байгальд тавих эсэхийг нь шийдэх аж.
Казахстан улс болон ОХУ 2022 онд Владивостокт болсон Олон улсын бар хамгаалах форумын үеэр Казахстанд барыг сэргээн нутагшуулахад хамтран ажиллахаар санамж бичиг байгуулжээ.