
Зургийг: Amirhossein Khorgooei/ISNA/AFP/Getty Images
(Bloomberg) -- АНУ-ын Төв командлал Ормузын хоолойн боомтуудыг бүсэлсэн цэргийн ажиллагаагаа цуцалсныг мэдэгдсэнээр Техраны цөмийн хөтөлбөрийн асуудлаар хэлэлцэх 60 хоногийн хугацаа эхэлж байна.
Мөн АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Ж.Д.Вэнс Иран улс ирээдүйд Ормузын хоолойгоор дайран өнгөрөх хөдөлгөөнд хураамж ногдуулж магадгүй гэх болгоомжлолыг няцаалаа. Тэрбээр олон улсын усан зам аливаа татвар, хураамжгүй байх ёстойг дурдсан бөгөөд цаашид тус хоолойн аюулгүй байдлын тогтолцоог Ирантай хамтран боловсруулахыг мэдэгджээ.
Пүрэв гарагийн байдлаар нийт 10 сая баррель газрын тос ачсан хөлөг онгоцнууд Ормузын хоолойгоор дамжин өнгөрсөн байна. Мөн Катар шингэрүүлсэн байгалийн хийн карго тээвэрлэсэн болохыг Bloomberg-ийн нэгтгэсэн усан онгоцны дата харуулж байна.
Үүнтэй зэрэгцэн Ойрх Дорнодын тэргүүлэх газрын тос олборлогчид гарцаа дайны өмнөх түвшинд хүргэх төлөвлөгөөгөө хэрэгжүүлж эхэллээ. Ормузын хоолойгоор дамжих газрын тос болон хийн тээвэрлэлт эрчимжиж, Саудын Араб пүрэв гарагт Ираны дайн эхэлснээс хойших анхны тээвэрлэлтээ хийсэн байна.
Түүнчлэн Кувейт улс олборлолтоо нэмэгдүүлж, долоо хоногийн дотор өдөрт хоёр сая баррелиас давуулахаар төлөвлөж байна. Тус улс дайны улмаас сүйдсэн эрчим хүчний дэд бүтцээ хангалттай хэмжээнд засварлаж чадсан тул дайны өмнөх түвшинд өмнө нь таамаглаж байснаас эрт хүрэх боломж бүрдсэнийг Kuwait Petroleum-ийн гүйцэтгэх захирал мэдээлжээ.
Үнийн хөдөлгөөнийг харвал АНУ болон Иран урьдчилсан хэлэлцээрт хүрснээр Брент төрлийн газрын тосны үнэ энэ долоо хоногт нийт 9 гаруй хувиар унасан байна. Сүүлийн байдлаар Брент газрын тосны үнэ 0.9 хувиар буурч, баррель нь 79 ам.долларт арилжаалагдаж байна. Харин WTI төрлийн газрын тосны ханш 0.7 хувиар суларч, баррель нь 75 ам.доллар болжээ.
OPEC дэлхийн газрын тосны эрэлт оргил цэгтээ хүрэх хараахан болоогүй гэж үзэж байна. Энэ оны “Дэлхийн газрын тосны зах зээлийн төлөв байдал” тайландаа тус байгууллага газрын тосны эрэлт 2025 онд өдөрт 105.1 сая баррель байсан бол 2030 онд 113.3 сая баррель, улмаар 2050 онд 124.1 сая баррель болж өсөх төлөвтэйг онцолжээ