
Зургийг: Anna Moneymaker/Bloomberg
(Bloomberg) -- "Их-7"-ийн бүлгийн дээд хэмжээний уулзалтын гол сэдэв нь АНУ болон Ираны урьдчилсан энхийн хэлэлцээр байхаар байна. Гишүүн орнуудын бүх удирдагч нар уулзалтад оролцохоор Франц улсад даваа гарагт хүрэлцэн иржээ.
Мягмар гарагт Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ирэх товтой байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлдээ “Ирантай хэлэлцээрт хүрсэн тул одоо Украины дайнд анхаарал хандуулах”-аа тодотгосон юм.
АНУ болон Ираны хооронд зарласан энхийн хэлэлцээр хэрэгжиж эхэлмэгц Ормузын хоолойг дахин нээхэд зориулж цэрэг дайчлахад бэлэн байгаагаа Европын удирдагчид илэрхийлсэн байна.
Их Британийн Ерөнхий сайд К.Стармер болон Францын Ерөнхийлөгч Э.Макрон нар Ормузын хоолойг нээхэд туслах төлөвлөгөө боловсруулах АНУ-ын холбоотнуудын хүчин чармайлтыг тэргүүлж байгаа юм. Одоогоор 15 улс техник хэрэгсэл, хүн хүчээр туслахаа амлажээ.
Их-7-ийн уулзалтын албан ёсны хөтөлбөрт хиймэл оюуны асуудал багтсан аж. Лхагва гарагт болох хүндэтгэлийн зоогт тус салбарын гол тоглогчдын ихэнх нь оролцох төлөвтэй байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп
"Усан замыг аль хэдийн хэсэгчлэн нээгээд байна. Та бүхний мэдэж байгаачлан, Иран өмнө нь илрүүлсэн хэд хэдэн тэсрэх бөмбөгийг хайн, устгах ажил хийж байгаа. Гэхдээ хөлөг онгоцнууд Ормузын хоолойгоор гарч эхэлсэн. Баасан гараг гэхэд бүрэн нээгдэнэ. Бид Ирантай сайтар ойлголцсон. Удирдагчдын бүрэлдэхүүн нь өөрчлөгдсөн байна лээ. Эхний удирдагчдын бүрэлдэхүүн нь алга болсон. Хоёрдугаар ээлжийнхэн нь ч солигдсон. Харин гурав дахь ээлжийнхнийг нь маш ухаалаг хүмүүс гэдгийг бид харж байна. Хүчтэй, маш ухаалаг. Бид эцэст нь тохиролцоонд хүрч чадсан. Үүний өмнө хоёр шөнө дараалан цохилт өгөхөд харамсалтай байсан. Бид гурав дахь шөнөдөө ч халдлагыг үргэлжлүүлнэ гэж бодож байлаа. Гэхдээ үүнээс өмнө Ирантай тохиролцож чадсан. Тэгэхээр одоо Ойрх Дорнодод маш олон гайхалтай зүйл өрнөнө гэж бодож байна" гэж мэдэгдлээ.