
Зургийг: Mark Felix/Bloomberg
(Bloomberg) -- АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ирантай байгуулах энхийн хэлэлцээрт ойрын хугацаанд гарын үсэг зурж магадгүйг мэдээлсэнтэй зэрэгцэн дөрөвдүгээр сараас хойших доод цэгтээ хүрсэн газрын тосны ханшийн уналт үргэлжилж байна.
Сүүлийн байдлаар брент төрлийн газрын тосны үнэ хоёр хувиар буурч, баррель нь 89 ам.доллар орчимд тогтворжлоо. Харин WTI төрлийн газрын тосны ханш 1.6 хувиар суларч, баррель нь 86 ам.доллароор арилжаалагдаж байна.
Энхийн хэлэлцээр нь Ормузын хоолойн тээвэрлэлтийг сэргээхийг Дональд Трамп онцолжээ. Хэдий тийм боловч талууд хэлцэлд хүрсэн ч газрын тосны урсгал хэвийн үеийн түвшиндээ эргэн очтол хугацаа шаардлагатай юм.
Энэ сард Ормузын хоолойгоор дамжих газрын тосны урсгал 50 хувиар өссөнийг “Vortexa” компани тооцоолсон байна. Тодруулбал: зургаадугаар сарын эхний 10 хоногт Иранаас бусад Персийн булангийн орнуудын хамгийн багадаа 1.8 сая баррель газрын тос тээвэрлэсэн хөлөг онгоцнууд нэг өдөрт тус усан замаар гарчээ. Энэ нь өмнөх сард өдрийн 1.2 сая баррель байсантай харьцуулахад сэргэсэн үзүүлэлт юм.
Хэдий тийм боловч Украины газрын тосны дэд бүтцийг онилсон дроны халдлагуудын улмаас ОХУ-ын олборлолт тавдугаар сард сүүлийн нэг жилийн доод түвшинд хүрээд байна. Тухайлбал: ОХУ өнгөрсөн сард өдөрт дунджаар есөн сая баррель түүхий нефть олборлосныг OPEC-ийн сарын тайлан харуулж буй. Энэ нь сарын дүнгээр OPEC-ийн Өргөтгөсөн бүлгийн гишүүн орнуудын олборлох шаардлагатай хэмжээнээс өдрийн 690 мянган баррелиар дутаж байна.