
Зургийг: Э.Тэнгис
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Орон сууцжлуулалтын тухай болон Орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банкны тухай анхдагч хуулийн төслүүдийг хэлэлцэж, УИХ-д өргөн барихаар шийдвэрлэлээ.
Эхний хуулийн төсөл нь нийлүүлэлтийг дэмжих бол Төрөлжсөн банкны тухай хуулийн төсөл нь эрэлт буюу эх үүсвэр, санхүүжилтийг дэмжихийг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан онцлов.
Орон сууцжуулалтын банк нь тусгай зориулалтын төрөлжсөн банк байх тул арилжааны банкнуудтай өрсөлдөхгүй. Харин зорилтот бүлгийн, дунджаас бага орлоготой иргэд болон залуу гэр бүлүүдийг дэмжих зорилготой. Арилжааны банкнуудад жилд шинээр 19 мянга орчим ипотекийн зээлийн хүсэлт ирдэг ч 9500 орчим хүсэлтийг л шийдвэрлэдэг.
Өнөөдрийн байдлаар 47 мянга гаруй зээлийн хүсэлт хуримтлагдан, 6.7 их наяд төгрөгийн санхүүжилтийн хэрэгцээ бий болжээ. Жилд 9-10 мянган өрхөд зээл олгоно гэж тооцвол хүсэлт гаргасан иргэн 4-6 жилийн дараа л хамрагдах боломжтой байна. Сүүлийн 2-3 жилд ипотекийн зээлд хамрагдах хүсэлт гаргасан иргэдийн 70 хувь нь дарааллаа хүлээж тэсэлгүй, 18-24 хувийн өндөр хүүтэй зээл авсныг салбарын сайд онцоллоо.
Төрөлжсөн банк байгуулснаар гадаад, дотоод бонд гаргаж, эх үүсвэрийг нэмэгдүүлнэ. Ингэснээр хүлээлгийн хугацаа богиносох, зээлд хамрагдалтыг 2-3 дахин нэмэгдүүлэх боломж бүрдэхийг салбарын сайд тодотгож байна.