
Зургийг: С.Батсайхан
“Нэг суралцагч-нэг компьютер”, “Нэг анги-нэг ухаалаг самбар” бодлогыг хэрэгжүүлэх тухай Засгийн газрын тогтоолын төслийг баталлаа.
2022 онд PISA-ийн үнэлгээгээр Монголын 15 настай хүүхдүүд уншиж, бичих чадвар болон математик, байгалийн ухааны хичээлээр үе тэнгийнхнээсээ таван жилийн хоцрогдолтой байгааг тогтоосон юм.
Нэг сурагчийг нэг компьютероор хангах ажлын хүрээнд эхний ээлжид ирэх есдүгээр сарын нэгэн гэхэд 100 мянган “Chromebook” зөөврийн компьютер, 5000 ухаалаг самбар нийлүүлнэ. Цаашид үе шаттайгаар 2027 оны хоёрдугаар сарын нэгэн гэхэд 100 мянган компьютер, 5000 ухаалаг самбар, 2028 оны есдүгээр сарын нэгэн гэхэд 100 мянган компьютер, 5000 ухаалаг самбарыг сургуулиудад нийлүүлэхээр төлөвлөжээ.
"Энэхүү арга хэмжээг хэрэгжүүлэхэд улсын төсвөөс мөнгө зарцуулахгүй. Хөгжлийн банкны “Санхүүгийн лизинг” охин компани “Google”-тэй гэрээ хийж, 3-5 жилийн хугацаанд санхүүгийн түрээсээр авна" гэж Боловсролын сайд мэдээлсэн юм. Шаардагдах хөрөнгийг зээл болон бусад эх үүсвэрээс санхүүжүүлэх боломжийг судлан, шийдвэрлэхийг Эдийн засаг, хөгжлийн сайд болон Боловсролын сайд нарт даалгалаа.
2025-2026 оны хичээлийн жилд улсын хэмжээнд Төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын 717 сургууль үйл ажиллагаа явуулж байна. Нэг цахим төхөөрөмжид ногдох хүүхдийн тоо 11 байгаа бөгөөд нийт 18 мянга гаруй анги танхимын 3300 орчим нь л ухаалаг самбартай байгаа аж.