
Зургийг: erdenesmongol.mn
Засгийн газрын ээлжит хуралдаанаар "Эрдэнэс Монгол" нэгдлийн харьяанд байгаа үр ашиг багатай, зээлээр санхүүждэг, чиг үүрэг нь давхардсан Төрийн өмчит 10 компанийг татан буулгахаар шийдвэрлэлээ.
Мөн дарга нарын тоог цөөлөхөөс гадна 260 орон тоо цомхотгож, захиргааны зардлыг 10 хувиар, түрээсийн зардлыг 30 хувиар бууруулж, эхний ээлжид 67 тэрбум төгрөг хэмнэхээр тооцоолсон байна. Эдгээр шинэчлэлийг зургаадугаар сарын 15-ны дотор багтаан явуулах үүрэг өгчээ. Түүнчлэн Төрийн өмчит компаниуд шилэн барилгад өндөр түрээс төлж буйг болиулна. Өөрсдийн боломж болон төрийн байгууллагын харьяанд байгаа сул байруудаа ашиглана гэж мэдээлэв.
Үүнээс гадна "Эрдэнэс Монгол" нэгдлийг уул уурхайн хяналт, удирдлага хэрэгжүүлдэг бүтцээс чөлөөлж, хөрөнгийн удирдлага, хөрөнгө оруулалт, баялгийн сангийн менежмент, IPO, хувьчлал хариуцсан санхүүгийн мэргэжлийн институт болгон өөрчлөн зохион байгуулна гэж тус нэгдлийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай онцоллоо.
“Эрдэнэс Монгол” нэгдэл нь уул уурхайн биш хөрөнгийн удирдлагын компани болж, “Чингис хаан үндэсний баялгийн сан” корпорац болсноор Төрийн өмчит компаниудад бодлогын зөвлөмж өгөхөөс гадна иргэдийн нэрийн дансанд байгаа мөнгийг арвижуулах ажлыг хийх юм.
“Эрдэнэс Монгол” нэгдлийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай “Хуримтлалын санд 1.6 тэрбум ам.доллар байна. Иргэн бүрийн нэрийн дансанд хуримтлагдсан 500 мянган төгрөгийг оны эцэст нэг сая төгрөг болгохын төлөө ажиллана. Үндэсний баялгийн сангийн нэг төрөл болох “Хөгжлийн сан”-г эдийн засгийн эргэлтэд оруулж, олон улсын зах зээлд үнэт цаасжуулан, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, шинэ санхүүгийн хэрэгслүүдийг боловсронгуй болгон гаргаж ирнэ” гэж тодотгов.