
Зургийг: Vladimir Smirnov/Pool/AFP/Getty Images/Bloomberg
(Bloomberg) -- ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мягмар гарагийн орой Бээжин хотноо газардсанаар энэ оны анхны гадаад айлчлалаа эхэллээ. Тэрбээр удаан хугацаанд зогсонги байдалд ороод буй эрчим хүчний холбоо харилцаагаа бэхжүүлэх боломжуудын талаар БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпинтэй хэлэлцэх төлөвтэй байна.
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг угтан авах үедээ түүнийг 25 дахь удаагаа тус улсад айлчилж буйг онцолжээ.
Хоёр улсын Төрийн тэргүүн нарын яриа хэлэлцээний хөтөлбөрт багтсан гол сэдвүүдийн нэг нь Монголын нутгаар дамжин өнгөрөх “Сибирийн хүч-2” хийн хоолойн төсөл юм.
Ойрх Дорнодын дайнаас үүдсэн эрчим хүчний зах зээлийн хямрал нь БНХАУ-д “Сибирийн хүч-2” хоолойгоор дамжуулах хийн үнийг илүү уян хатнаар тохиролцох нөхцөл бүрдүүлнэ гэж ОХУ найдаж байгааг тус улсын Засгийн газартай ойр эх сурвалж “Bloomberg”-т мэдээлсэн байна. Харин БНХАУ-ын талаас яриа хэлэлцээг эрчимжүүлэх сонирхлоо илэрхийлсэн ч одоогоор дорвитой ахиц гараагүй байгааг дурджээ.
Үүнээс гадна хоёр талын уулзалтын үеэр салбар бүрийг хамарсан 40 орчим баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөж буйг Кремлийн Гадаад бодлогын зөвлөх Юрий Ушаков мэдээллээ.
Түүнчлэн БНХАУ-ын Төрийн өмчит хэвлэлүүд хамтын ажиллагааны боломжит чиглэлээр эрчим хүч, хөдөө аж ахуй, шинжлэх ухаан, технологиос эхлээд сансар судлал болон хиймэл оюун хүртэлх салбаруудыг нэрлэсэн байна.
Владимир Путины айлчлалын бүрэлдэхүүнд ОХУ-ын Засгийн газрын дээд албан тушаалтнуудаас гадна “Gazprom”, “Rosatom”, “Roscosmos” зэрэг Төрийн өмчит томоохон компаниудын удирдлагууд багтжээ.