
Зургийг: Andrew Kravchenko/Bloomberg
(Bloomberg) -- ОХУ-ын нийслэл Москва хот болон ойр орчмын бүс нутаг руу Украин дроноор халдсанаар гурван хүн амь үрэгдэж, 10 гаруй хүн шархадлаа.
Захын зарим дүүргийн орон сууцны барилгаас гадна газрын тос боловсруулах үйлдвэр цохилтод өртсөн байна. Москвагийн нисэх онгоцны дөрвөн буудлын бүгдийнх нь үйл ажиллагаа бямба гарагийн орой сааталд орсон ч удалгүй хэвийн горимд шилжжээ.
ОХУ-ын нийслэл 80 орчим дроны довтолгоонд өртөж, агаарын довтолгооноос хамгаалах системүүд нь олон арван пуужин, сумыг устгасан гэж Москва хотын захирагч Сергей Собянин “Telegram” хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна.
Харин Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский "ОХУ дайныг сунжруулж, манай хот суурин руу халдаж буй нь бидний алхмыг зөвтгөнө. Энэ удаа Украины алсын зайны хариу цохилт Москва мужид хүрсэн. Бид оросуудад дайнаа зогсоох ёстойг маш тодорхой хэлж байна" гэж цахим хуудсаараа мэдэгджээ.
Үүнээс өмнө ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тавдугаар сарын 19-20-ны өдрүүдэд БНХАУ-д айлчилна гэсэн мэдээллийг Кремлиэс баталгаажуулсан юм. Түүний айлчлал АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин нарын дээд хэмжээний уулзалтаас хэдхэн хоногийн дараа болохоороо дэлхий нийтийн анхаарлыг татаж байна.