logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Дональд Трамп: Техран цөмийн зэвсэгтэй болох ёсгүй гэдэг дээр санал нэгдсэн
    Нийтэлсэн огноо: 2026 оны 05 сарын 15 15:50
    335

    Зургийг: Evan Vucci/Pool/AFP/Getty Images/Bloomberg

    Жеймисон Грир: БНХАУ-ын хувьд Ормузын хоолойг нээх нь маш чухал асуудал юм

    (Bloomberg) -- Дональд Трамп Бээжин хотоос хөдөлснөөр АНУ-ын Ерөнхийлөгчийн хоёр өдөр үргэлжилсэн түүхэн айлчлал өндөрлөж байна. Тэрбээр "олон төрлийн асуудлыг" шийдвэрлэлээ гэж мэдэгдсэн ч хоёр улсын өрсөлдөөнд нөлөөлөх гол асуудлуудаар бодитой хэлэлцээрүүд хараахан зарлагдаагүй.

    Хэдий тийм боловч Төрийн тэргүүнүүдийн сүүлийн уулзалтаар Ираны асуудлыг хэлэлцэж, Техран цөмийн зэвсэгтэй болох ёсгүй гэдэг дээр санал нэгдсэнийг Дональд Трамп мэдээллээ. Мөн БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин Ираны дайныг эцэслэхэд дэмжлэг үзүүлж, Техранд зэвсэг нийлүүлэхгүй байхаар тохиролцсоныг онцолсон юм.

    Үүнээс гадна АНУ-ын Ерөнхийлөгчийн дээд хэмжээний айлчлалын хүрээнд “Boeing” компаниас 200 нисэх онгоц захиалсан байна. Энэ нь БНХАУ-ын хувьд АНУ-д үйлдвэрлэгдсэн арилжааны зориулалттай нисэх онгоц худалдан авсан сүүлийн 10 жилийн хугацааны анхны тохиолдол болж байна.

     АНУ-ын Худалдааны төлөөлөгч Жеймисон Грир

    “Одоогоор бид БНХАУ-тай худалдаагаа эргэн тэнцвэржүүлэхээр ажиллаж байна. Энэ чиглэлд нэлээд ахиц гарсан. БНХАУ-тай хийж буй АНУ-ын худалдааны тэнцлийн алдагдал сүүлийн нэг жилийн дотор 30 гаруй хувиар буурсан. Тэгэхээр “Boeing”-ийн нисэх онгоц, шар буурцаг, хөдөө аж ахуйн бусад бүтээгдэхүүн, эрчим хүч эсвэл эмнэлгийн тоног төхөөрөмж зэрэг БНХАУ-д борлуулах боломжтой зүйлс дээр тулгуурлан худалдааны харилцаагаа зохицуулахыг хичээж байна. Энэ стратегийг алхам алхмаар хэрхэн босгож байгааг та бүхэн харж байгаа байх. Энэ долоо хоногийн айлчлалын үр дүнд БНХАУ “Boeing”-ийн хэдэн зуун нисэх онгоц худалдан авах болсон тухай АНУ-ын Ерөнхийлөгчийн яриаг өнөөдөр сонслоо. Шар буурцгийн тухайд Төрийн тэргүүнүүдийн өмнөх уулзалтаар ирэх гурван жилийн турш АНУ-аас жилд 25 сая тонн шар буурцаг нийлүүлэхээр тохиролцсон. Мөн энэ удаагийн айлчлалын үр дүнд ирэх гурван жилийн турш 10 тэрбум ба түүнээс дээш ам.доллароор хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн худалдан авах хэлэлцээр хүлээгдэж байна. Энэ нь зөвхөн шар буурцаг биш, бусад бүх төрлийн бүтээгдэхүүнийг багтаасан дүн юм 

    БНХАУ амлалтаа биелүүлж байгаа тухайд шар буурцгаар жишээ татъя. Өнгөрсөн оны эцсээр БНХАУ 12 сая тонныг худалдан авах дутуу байсан бөгөөд энэ хэмжээний шар буурцаг авсан. Шар буурцгийн борлуулалт гол төлөв жилийн эцсээр явагддаг ч бид зарим худалдан авалт аль хэдий нь хийгдээд эхэлчихсэн байна. Таны хэлсэнчлэн үхрийн махны экспортын үзүүлэлт өнгөрсөн шөнө шинэчлэгдсэн. Тиймээс  БНХАУ амлалтаа биелүүлж эхэлснийг бид харж байна. 

    Үүнээс гадна Ормузын хоолойг нээж, аливаа татвар хураамж, цэргийн хяналтгүй байлгах нь БНХАУ-ын хувьд маш чухал асуудал юм. Уулзалтын үеэр энэ нь маш тодорхой байсан. Бид ч үүнийг таатай хүлээн авч байгаа. Бидний харж байгаагаар БНХАУ Ираны асуудалд маш прагматик хандаж байна. Тэд асуудлын буруу талд зогсохыг хүсэхгүй. Бүс нутагт энх тайвныг тогтоохыг гэж эрмэлзэж байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ч бүс нутагт энх тайван тогтоосой гэж хүсэж байгаа. Тиймээс Иранд үзүүлэх аливаа төрлийн эдийн засгийн болон материалын дэмжлэгийг хязгаарлахын тулд БНХАУ боломжтой бүхнээ хийнэ гэдэгт бид итгэлтэй байна” гэж мэдэгдлээ.

    Cэтгэгдэл бичих