
Зургийг: AP/Bloomberg
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин Ираны дайныг эцэслэхэд дэмжлэг үзүүлж, Техранд зэвсэг нийлүүлэхгүй байхаар тохиролцсон гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдлээ.
Түүнчлэн Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд төлбөр хураах төлөвлөгөөг Бээжин эсэргүүцэж байгаагаас гадна АНУ-аас газрын тос худалдан авахаас сонирхлоо илэрхийлснийг Цагаан ордон мэдээлсэн байна.
Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Бээжинд хийж буй дээд хэмжээний айлчлалын хүрээнд БНХАУ “Boeing”-оос 200 онгоц захиалжээ. Энэ нь БНХАУ бараг сүүлийн 10 жилд АНУ-д үйлдвэрлэгдсэн арилжааны зориулалттай нисэх онгоц худалдан авсан анхны тохиолдол болж байна.
Их гүрнүүдийн Төрийн тэргүүн нарын уулзалт халуун дулаан уур амьсгалтай болсон ч Ши Жиньпин ярианы төгсгөлд Тайванийн асуудалд бодлогогүй хандвал мөргөлдөөнд хүргэж болзошгүйг анхааруулсан байна.
Үүний дараа АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио NBC-д өгсөн ярилцлагадаа “Бээжин Тайванийг хүчээр нэгтгэх гэж оролдох нь маш том алдаа болно” гэж онцолжээ.