
Зургийг: Bloomberg
(Bloomberg) -- БНХАУ-ын технологийн салбарын тэргүүлэгч компани “Alibaba Group Holding” болон “Tencent Holdings”-ийн санхүүгийн тайлан тааруу гарсан ч хиймэл оюуны чиглэлд тогтвортой ахиц гаргаснаар хөрөнгө оруулагчдын итгэлийг хадгалж байна.
“Alibaba Group Holding” хиймэл оюуны санаачилгууддаа их хэмжээний хөрөнгө оруулснаар 2021 оны цар тахлын үеэс хойш анх удаа алдагдалтай ажилласнаа тайлагнажээ. Хэдий тийм боловч тус компани хиймэл оюуны моделиуд, үйлчилгээний жилийн орлого нь зургаадугаар сар гэхэд 10 тэрбум юань хүрэх төлөвтэйг мэдээлснээр хувьцааны ханш нь найман хувиар өсжээ.
“Alibaba Group Holding” оны эцэс гэхэд энэ дүн гурав дахин өсөж, 30 тэрбум юань давна гэж тооцоолж байна.
Харин “Tencent Holdings”-ийн борлуулалтын орлого оны эхний гурван сард есөн хувиар өсөж, 196.5 тэрбум юань хүрснийг тайлагналаа. Энэ нь сүүлийн зургаан улирал дахь хамгийн бага өсөлтөд тооцогдож байна. Гэхдээ тус компанийн цэвэр ашиг 58.1 тэрбум юань хүрсэн нь шинжээчдийн таамагт нийцжээ.
АНУ-ын технологийн компаниудын адил "Alibaba Group Holding” болон “Tencent Holdings” хиймэл оюуны их хэмжээний зарцуулалтаасаа ашиг олох асуудлаар хөрөнгө оруулагчдын шахалттай тулгарч буй.
“Tencent Holdings” хиймэл оюуны хөрөнгө оруулалтаа энэ онд хамгийн багадаа хоёр дахин тэлж, 36 тэрбум юань хүргэхээ амласан юм. Харин "Alibaba Group Holding” ирэх гурван жилд 380 тэрбум юань зарцуулахаар төлөвлөж байна.