
Зургийг: Alex Wong/Getty Images/Bloomberg
(Bloomberg) -- АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ойрх Дорнодод дайн эхлүүлснээсээ хойших анхны гадаад айлчлалаа БНХАУ-д хийж байна. 36 цаг үргэлжлэх, өндөр хүлээлттэй энэхүү айлчлалаар хоёр улсын Төрийн тэргүүн дайн, тариф, Тайванийн арал зэрэг чухал асуудлуудыг хэлэлцэхээр байна.
“Nvidia” компанийн Гүйцэтгэх захирал Женсен Хуан АНУ-ын айлчлалын бүрэлдэхүүнд эцсийн мөчид багтаж Бээжинг зорьсноо энэ удаагийн айлчлалаар гол анхаарал татах сэдвүүдэд хиймэл оюун, технологи нэмэгдлээ. Түүнтэй хамт "Apple"-ийн Тим Кук, "Tesla"-ийн Илон Маск зэрэг бизнесийн манлайлагчид БНХАУ-д зочилж буй.
Дэлхийн хамгийн том эдийн засагтай хоёр орны удирдагчдын уулзалтын өмнө Цагаан ордноос БНХАУ-д болон Ираны газрын тосны импортоос хамааралтай бусад орнуудад Ормузын хоолойг нээхэд туслахыг шаардсан шахалт үзүүлсээр ирсэн юм. Мөн Иранаас газрын тос худалдан авсан, Засгийн газарт нь сансрын зураг нийлүүлсэн үндэслэлээр БНХАУ-ын хэд хэдэн компанид хориг арга хэмжээ аваад байна.
Дайн гурав дахь сардаа сунжирсан энэ үед БНХАУ Ираны газрын тосны гол худалдан авагч, стратегийн түнш орны хувьд тун онцгой байр сууриас уг уулзалтад оролцохоор байна. Харин Вашингтоны хувьд Бээжингийн гол хөзөр болох газрын ховор элементийн ноёрхлын эсрэг дээрх арга хэмжээнүүдээ тэнцвэржүүлэх шаардлага гарч байна. Өнгөрсөн онд тус улс энэ давуу талаа ашиглан АНУ-ыг тарифын сүрдүүлгээсээ ухрахад хүргэсэн билээ.
“Ши Жиньпинээс илүү Дональд Трампт энэ уулзалт хэрэгтэй. Ши Жиньпин ч үүнийг мэдэж байгаа” хэмээн "Eurasia Group"-ийн Ахлах шинжээч, АНУ-ын дипломатч асан Жереми Чан тодотгож байна.
Түүнчлэн хоёр тал худалдааны тохиролцоогоо сунгах талаар хэлэлцэж, БНХАУ АНУ-аас хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, нисэх онгоц авах хэлэлцээр хийх магадлалтай. Улс хоорондын худалдааны зөвлөл, хөрөнгө оруулалтын зөвлөл байгуулах саналыг хоёр удирдагч харгалзан үзэхийг ням гарагт АНУ-ын албаны хүн мэдээлсэн юм.
Ши Жиньпиний хувьд энэ уулзалтаар анхаарах тэргүүн асуудал нь Тайванийн арал байхыг БНХАУ-ын ажиглагчид онцолж байна. Оны эхээр АНУ Тайваньд 11 тэрбум ам.долларын дүнтэй зэвсэг борлуулах төлөвлөгөө танилцуулсны дараа Ши Жиньпин АНУ-д энэ наймаанд болгоомжтой хандахыг сануулсан юм. Тиймээс БНХАУ Дональд Трампыг зөвхөн зэвсгийн наймаагаар хязгаарлагдахгүйгээр Тайваньд баримтлах бодлогоо өөрчлөхийг ятгах төлөвтэйг шинжээчид хэлж байв.
Эцэст нь Дональд Трамп, Ши Жиньпин нарын Бээжинд хийх уулзалтаас хамгийн илэрхий харагдах зүйл нь хоёр хүчирхэг гүрэн хооронд хүчний тэнцвэр шилжиж байна. “Одоогийн БНХАУ 10 жилийн өмнөх Дональд Трампын анхны айлчлалын үеийн БНХАУ-аас өөр болсон гэдгийг АНУ, БНХАУ хоёулаа хүлээн зөвшөөрч байна” хэмээн Бээжин дэх Хятад ба даяарчлалын судалгааны төвийн үүсгэн байгуулагч Хенри Ван Хуияао онцолжээ.