
Зургийг: David Paul Morris/Bloomberg
(Bloomberg) -- АНУ-ын хэрэглээний үнийн индекс дөрөвдүгээр сард өмнөх оны мөн үеэс 3.8 хувиар буюу 2023 оноос хойших хамгийн өндөр дүнгээр өслөө. Энэ нь Ираны дайн инфляцыг дахин өдөөж, амьжиргааны өртгийн өсөлтөд өртөөд байсан өрхүүдэд улам хүнд нөлөөлж байгааг харуулж байна.
Дайн эхэлснээс хойш АНУ-д шатахууны үнэ 50 орчим хувиар өсөөд байгаа юм. Түүнчлэн дөрөвдүгээр сард хүнсний бүлгийн үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр өссөн нь инфляцад гол жин даржээ. Тухайлбал: үхрийн махны үнэ анх удаа нэг фунт нь долоон ам.доллар давсан бол кофены үнэ бүх цаг үеийн дээд түвшнээ дахин шинэчилсэн байна.
Хэрэглээний үнэ хурдацтай өсөж байгаа ч дөрөвдүгээр сард АНУ-д цалин 2023 оноос хойш анх удаа өмнөх оны мөн үеэс буурчээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 2024 онд сонгуульд ялалт байгуулсан нэг шалтгаан нь үнийн өсөлтийг хязгаарлах амлалт өгсөн явдал юм. Тэрбээр инфляцыг тогтворжуулахын тулд шатахууны татварыг түр зогсоох, үхрийн махны үнийг бууруулах тухай тушаал гаргах зэрэг асуудлыг ярьж байгаа аж.