
АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент. Зургийг: Eric Lee/Bloomberg
(Bloomberg) -- АНУ Ираны газрын тос БНХАУ-д борлуулсан 12 компани болон хувь хүнийг “Хар жагсаалт”-д орууллаа. Эдгээрийн зарим нь Хонконг, Дубай, Оманд төвтэй компаниуд байгаа аж.
Түүнчлэн АНУ-ын Сангийн яам Ираны хууль бус худалдааг дэмжсэн аливаа гадаадын компанийн эсрэг цаашид арга хэмжээ авахаа анхааруулсан байна. Үүнд Ираны агаарын тээврийн компаниуд эсвэл БНХАУ-ын газрын тос боловсруулах үйлдвэрүүдтэй холбоотой аж ахуйн нэгжүүд багтаж магадгүй байгаа аж.
Дональд Трамп АНУ болон Ираны гал зогсоох тохиролцоог "амь тариа"-нд орсон гэж тодорхойлоод байна.
Иран өнгөрсөн долоо хоногт илгээсэн АНУ-ын энх тайвны саналын хариуд Вашингтоны тэнгисийн цэргийн ажиллагааг зогсоох, хориг арга хэмжээг зөөлрүүлэхийг хүсжээ. Түүнчлэн Ормузын хоолойгоор дамжин өнгөрөх хөдөлгөөнд хяналтаа тогтоохыг шаардсан гэж эх сурвалжууд мэдээлсэн байна.
Дональд Трамп АНУ-ын нөхцөлийг хүлээн зөвшөөрөхгүй бол Ираны эсрэг халдлагыг дахин эхлүүлэх эсэх талаар дохио өгсөнгүй. Хэдий тийм боловч “Fox News”-т өгсөн ярилцлагадаа Иран улстай дипломат хэлэлцээрт хүрэх боломжтойг тодотгожээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп
“Гал зогсоох тохиролцоо маш сул байгаа гэж би хэлнэ. Хамгийн сул тохиролцоо. Ираны ирүүлсэн хог шиг саналыг харсан. Дуустал нь ч уншаагүй. Үүнийг уншиж цагаа үрээрэй гэсэн байх. Одоогийн байдлаар энэ бол хамгийн сул тохиролцооны нэг гэж би хэлнэ. Тохиролцоо амь тарианд орсонтой адил байна. Тэд ч ойлгож байгаа. Эд чинь бүгд анагаахын хүмүүс. Амь тариа гэдэг сайн зүйл биш биз дээ? Та санал нийлэх үү? Гал зогсоох тохиролцоо асар хүчтэй "амь тариа"-нд орсон гэж би хэлнэ. Яг л эмч орж ирээд “таны хайртай хүнд амьд үлдэх нэг орчим хувийн л боломж байна" гэж хэлэхтэй адилхан” гэж мэдэгдлээ.