
Зургийг: Qilai Shen/Bloomberg
(Bloomberg) -- БНХАУ-ын үйлдвэрлэлийн салбарын инфляц цар тахлын эхэн үеэс хойших буюу сүүлийн дөрвөн жилийн дээд түвшинд хүрлээ. Үүнд Ираны дайн үйлдвэрлэлийн өртгийг өсгөсөн нь голлон нөлөөлж байна. Тодруулбал: дөрөвдүгээр сард үйлдвэрлэгчийн үнийн индекс өмнөх оны мөн үеэс 2.8 хувиар, өмнөх сараас 0.5 хувиар өсжээ. Энэ нь жилийн дүнгээр 2022 оны долоодугаар сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт болж байна.
Түүнчлэн “Bloomberg”-ийн судалгаанд хамрагдсан эдийн засагчдын дундаж таамаг болох 1.8 хувийг давжээ.
Үүнээс гадна хүнсний үнэ буурсан ч БНХАУ-ын хэрэглээний үнийн индекс өмнөх оны мөн үеэс 1.2 хувиар, өмнөх сараас нэг хувиар өссөн нь мөн л шинжээчдийн таамгаас өндөр байна.
Үйлдвэрлэлийн салбарын инфляц эрчимжсэн нь олон улс дахь түүхий эдийн үнийн огцом өсөлт, дотоодын зарим салбарын эрэлт сэргэсэн болон зах зээлийн өрсөлдөөн нэмэгдсэн зэрэг хүчин зүйлээс шалтгаалсан гэж БНХАУ-ын Статистикийн товчооны мэргэжилтнүүд тайлбарлалаа.
Ираны дайнаас үүдэлтэй эрчим хүчний нийлүүлэлтийн доголдол нь БНХАУ-д сүүлийн гурван жил хагасын турш үргэлжилсэн үйлдвэрлэлийн дефляцыг зогсоогоод байгаа юм. Хэдий тийм боловч дотоод эрэлт сул хэвээр байгаа энэ үед үйлдвэрлэлийн өртөг нэмэгдсэн нь компаниудын ашигт ажиллагаанд дарамт болохоор байна.