
Зургийг: Qilai Shen/Bloomberg
(Bloomberg) -- Цельсийн хасах 30 хэмийн хүйтэн жавраас хамгаалах өвлийн зузаан хүрэм өмссөн Кэлвин Квек Өвөр Монгол Өөртөө Засах Орны нэгэн үзэсгэлэнт газарт байх туршилтын дром дээр автомашин, технологийн салбарын бусад мэргэжилтнүүд, хорхойтнуудын хамт хүрэлцэн иржээ.
БНХАУ-ын зүүн хойд нутгийн Якэши хотын ойролцоох цас мөсөөр хучигдсан зам, налуу гүвээн дээгүүр "Chongqing Changan Automobile" компанийн цахилгаан хөдөлгүүрт SUV, Coupe ангиллын автомашинууд торох юмгүй сүлжин давхилдахыг тэд үзэж байлаа. Хэдий тийм боловч хоёрдугаар сард болсон энэхүү үзүүлэх тоглолтын хамгийн биширмээр зүйл нь үзэгчдийн нүднээс далд байсан юм.
Автомашинуудад тэрхүү хүч чадлыг өгч буй цэнэг хураагуурт ашиглагдсан гол түүхий эд нь орчин үеийн цахилгаан тээврийн хэрэгсэл болон сэргээгдэх эрчим хүч хуримтлуурын салшгүй хэсэг болсон лити биш, харин натри байв. Тэрхүү туршилтаар цэнэг хураагуурын илүү аюулгүй, өртөг багатай инновац гэгдэж буй натри-ион цэнэг хураагуураар тоноглож суудлын автомашины зах зээлд нийлүүлэх анхны цахилгаан автомашинуудыг сурталчлан таниулахаар зорьжээ.
“Энэ бол цахилгаан автомашины салбарт натри-ион цэнэг хураагуур технологи хувьсгал хийхийн дохио боллоо гэж бодож байна” хэмээн эрчим хүчний шилжилтийн туршлагатай шинжээч, "Oxford Sustainable Finance Group"-ийн салбарын захирал Кэлвин Квек онцолж байлаа.
Энэ оны дунд үед БНХАУ-ын Төрийн өмчит авто үйлдвэрлэгч "Changan" компани натри-ион бцэнэг хураагуур бүхий анхны цахилгаан автомашинуудаа борлуулж эхлэх юм. Шинэ загваруудад цахилгаан автомашины цэнэг хураагуур үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч "Contemporary Amperex Technology" (CATL)-ийн технологийг ашиглах аж.
CATL-ийн инновац нь натрийн цэнэг хураагуур дахь энергийн нягтаршлыг 50 хувиар нэмэгдүүлж, инженерчлэл талд тулгардаг сорилтуудыг арилгасан болохыг тус компанийн Гүйцэтгэх захирал Гао Хуан Бээжинд болсон арга хэмжээний үеэр онцолж байлаа. CATL энэ оны IV улирлаас тус технологийн цэнэг хураагуурын үндсэн үйлдвэрлэлээ эхлүүлэхээр төлөвлөж байгаа аж.
Олон Улсын Эрчим Хүчний Агентлагийн дурдсанаар 2026 он нь натрийн цэнэг хураагуурын “эргэлтийн жил” болох боломжтой бөгөөд түгээмэл лити-ион технологийн эрэлтийн тодорхой хувийг хэдийн эзэлж эхэлжээ.
Натри суурьтай цэнэг хураагуурын энергийн нягтаршлыг нэмэгдүүлэхэд дэвшил гарснаар автомашины нэг цэнэглэлтээр туулах зай нь түгээмэл төрлийн цэнэг хураагуур бүхий автомашиныхтай бараг зэрэгцэж очжээ. ОУЭХА-ийн тооцоолсноор натри-ион цэнэг хураагууртай энгийн SUV ангиллын автомашин нэг цэнэглэлтээр 350 км зай туулах боломжтой болсон бол лити суурьтай цэнэг хураагуураар туулах дундаж зай 400-600 км хооронд байна.
Мөн литийн үнийн савлагаанаас хамгаалах боломжтой нь өөр нэг чухал хүчин зүйл болох юм. БНХАУ-д литийн карбонатын үнэ өнгөрсөн зургаадугаар сард очсон доод түвшнээссээ энэ оны дөрөвдүгээр сарын 20-ныг хүртэл бараг 190 хувиар өсөөд буй ч 2022 оны эцсээр хүрч байсан оргил түвшнээсээ хамаагүй доогуур хэвээр байна. Үнийн эрчтэй өсөлт нь цэнэг хураагуур үйлдвэрлэлийн түүхий эдийн зардлыг өсгөх сорилт учруулж байгаа юм.
Харин натри дэлхий даяар элбэг тархсан тул цэнэг хураагуурын нийлүүлэлтийн сүлжээний тэсвэртэй байдлыг бэхжүүлэх боломжтой. Сүүлийн 10 жилийн хугацаанд натри-ион технологийн судалгаа, хөгжүүлэлтэд 10 тэрбум юань буюу 1.5 тэрбум гаруй ам.доллар зарцуулсан CATL-ийн хувьд зах зээлийн тус сегментийг литийн үнийн савлагаанаас хамгаалах “эрсдэлийн нөөц менежмент” гэж тодорхойлж байв.
Түүнчлэн хэт хүйтэн нөхцөлд натри суурьтай цэнэг хураагуур литийн цэнэг хураагуураас илүү сайн гүйцэтгэлтэй тул хахир хатуу өвөлтэй улс орнуудад цахилгаан автомашины борлуулалтыг тэлэх үүд хаалга болох боломжтой.
Энэ мэтээр сүүлийн үед томоохон ахиц дэвшлүүд гарсан ч натрийн цэнэг хураагуурын салбарт сорилтууд бий. Энергийн нягтаршлаар тус технологи литийн цэнэг хураагууртай өрсөлдөх түвшинд хүрэхээргүй төлөвтэй. Тиймээс 2030 оны үед л уламжлалт технологитой өртгийн хувьд эн зэрэгцэнэ гэж "CRU Group" тооцоолсон байна.
"BloombergNEF" нэгдүгээр сард гаргасан тайландаа натри-ион цэнэг хураагуурын эрэлт энэ онд 2.5 дахин өсөж 11 гигаватт/цаг хүрнэ гэж тооцоолжээ. Хэдий тийм боловч энэхүү төсөөлөл нь одоохондоо цэнэг хураагуурын нийт зах зээлийн өчүүхэн хэсгийг бүрдүүлэх юм.