
Зургийг: Sergio Flores/Bloomberg
(Bloomberg) -- “Dell Technologies” жилийн гүйцэтгэлийн зорилтуудаа биелүүлбэл 2031 онд 132.4 сая ам.доллар хүрэхүйц үнэлгээтэй хувьцааны урамшууллыг Үйл ажиллагаа эрхэлсэн захирал Жефф Кларкт олгосон байна.
Энэ нь түүнд 2031 оны гуравдугаар сарын 15-нд эрх нь нээгдэх компанийн "C" ангиллын 2.5 сая нэгж хувьцааг худалдан авах боломж олгож байгаа аж.
Гүйцэтгэлд суурилсан бонус нь Жефф Кларкийн 2025 оны санхүүгийн жилд хүлээн авсан нийт 154.3 сая ам.долларын цалин, урамшууллын нэг хэсэг болохыг компани даваа гарагт гаргасан тайландаа дурджээ.
“Dell Technologies”-ийн өөр ямар ч удирдах албан тушаалтан урьд нь ийм хэмжээний эсвэл ийм урт хугацаатай урамшуулал авч байгаагүй аж.
Хоёрдугаар сард “Dell Technologies” хиймэл оюуны серверээ "CoreWeave", "Nscale Global Holdings" зэрэг компанид борлуулах эерэг төсөөлөл танилцуулснаар хувьцааны ханш нь нэг өдрийн арилжаагаар сүүлийн хоёр жилийн хамгийн өндөр дүнгээр өссөн юм.
Мягмар гарагийн байдлаар хувьцааны ханш нь Нью-Йоркийн биржид 0.7 хувиар өсөж, 211.6 ам.доллароор арилжаалагдаж байна. “Dell Technologies” компанийн хувьцааны ханш энэ он гарсаар 68 хувиар өсөөд байгаа юм.