
Зургийг: Taylor Weidman/Bloomberg
Монгол Улс 2026 он гарсаар нийт 204,629 жуулчин хүлээн авсныг Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо мэдээллээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 15 хувиар, 2024 оны мөн үеэс 53.9 хувиар өссөн үзүүлэлт болж байна.
Монгол Улсад ирсэн жуулчдын 41 хувь нь ОХУ-ын, 31 хувь нь БНХАУ-ын, долоон хувь нь БНСУ-ын иргэд, гурван хувь нь япон жуулчид байжээ. Энэ оны тавдугаар сар хүртэлх хугацаанд БНСУ-аас ирэх жуулчдын тоо өмнөх оны мөн үеэс 47 хувиар буурсан аж. Харин япон жуулчдын тоо 7.7 хувиар өссөн бол Монгол Улсад зорчсон ХБНГУ-ын иргэдийн тоо 23.7 хувиар өссөн байна.
2026 онд Монгол Улс нэг сая жуулчин хүлээн авснаар аялал жуулчлалаас нэг тэрбум ам.доллар олох зорилт тавиад буй.
Энэ онд аялал жуулчлалын компаниудад 250 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор төлөвлөснөөс 1053 аж ахуйн нэгж, 2.3 их наяд төгрөгийн хүсэлт гаргасныг салбарын сайд мэдээлж байв. Эндээс харахад зээлд хамрагдах хүсэлт ес дахин өндөр байна. Тиймээс зээлийн шалгуурыг тодорхой болгох, зээл авсан аж ахуйн нэгжүүдийн мэдээллийг нээлттэй болгох, 500 сая төгрөгөөс дээш зээлд хяналтын гэрээ байгуулж, зарцуулалтад тавих хяналтыг сайжруулахаар талуудын уулзалтаар яригдаад байгаа юм.