
Зургийг: Christopher Lee/Bloomberg
(Bloomberg) -- “Amazon.com” шинжээчдийн таамгийг давсан хөрөнгө оруулалтын зардлаа танилцууллаа. Тус компани гуравдугаар сарын 31-нээр эцэслэсэн сүүлийн 12 сарын хугацаанд үл хөдлөх хөрөнгө, тоног төхөөрөмжийн зардалд 151 тэрбум ам.доллар зарцуулснаа тайлагнасан байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 57.9 тэрбум ам.доллароор өссөн үзүүлэлт болж буй.
Мөн оны эхний улиралд хөрөнгө оруулалтын зардал нь 78 хувиар өсөж, 43.2 тэрбум ам.доллар хүрсэн нь шинжээчдийн таамаглалаас давлаа. “Amazon” энэ онд голчлон хиймэл оюуны үйлчилгээнд зориулсан дата төвүүдэд 200 тэрбум ам.доллар зарцуулахаар төлөвлөсөн нь 2025 оныхоос 56 хувиар нэмэгдсэн дүн болж байна.
Тус компанийн нийт орлого I улиралд 17 хувиар өсөж, 181.5 тэрбум ам.доллар хүрчээ. Үүнд орлогынх нь 25 хувийг дангаараа бүрдүүлдэг “Amazon Web Services” үйлчилгээний борлуулалт нь өмнөх оны мөн үеэс 28 хувиар өсөж, 37.6 тэрбум ам.доллар хүрсэн нь голлон нөлөөлсөн байна.
Санхүүгийн тайлангаа танилцуулсны дараа “Amazon”-ийн хувьцааны ханш нэмэлт арилжаагаар дөрвөн хувиар өслөө.