
Зургийг: David Paul Morris/Bloomberg
(Bloomberg) -- “Microsoft” компани “OpenAI”-ийн хиймэл оюун ухааны загваруудыг борлуулах онцгой эрхээсээ татгалзахаар тохиролцлоо. Ингэснээр “OpenAI” компани “Amazon.com” зэрэг үүлэн тооцооллын өрсөлдөгч компаниудтай гэрээ байгуулах боломж бүрдэж байна.
Үүний хариуд “Microsoft” нь өөрийн үүлэн тооцооллын системээр дамжуулан борлуулж буй “OpenAI”-ийн бүтээгдэхүүнээс олох ашгаасаа хувь төлөхөө зогсоох юм.
Шинэчилсэн гэрээний дагуу “OpenAI” компани “AGI” буюу Ерөнхий хиймэл оюуныг хөгжүүлэх зорилтдоо хүрсэн эсэхээс үл хамааран “Microsoft” 2030 он хүртэл тус стартапын орлогоос хувь хүртэнэ. Хоёр компанийн хамтын ажиллагаа энэ долоо хоногт Илон Масктай шүүх хурлын танхимд нүүр тулах үед олны анхаарлын төвд орохоор байна. Тодруулбал: Илон Маск “OpenAI”-ийг “Microsoft”-оос олон тэрбум ам.долларын дэмжлэг авч, ашгийн төлөөх компани болсноор анх байгуулагдах үеийн зарчмаасаа няцсан хэмээн буруутгаж буй. Тэрбээр “OpenAI” болон “Microsoft” компаниас 134 тэрбум хүртэлх ам.долларын хохирол нэхэмжилж байгаа аж.
Үүнээс гадна БНХАУ-ын зохицуулагчид “Meta Platforms” компанийн хиймэл оюуны “Manus” стартапыг хоёр тэрбум ам.доллароор худалдан авах хэлцлийг цуцлахаар шийдвэрлэлээ. БНХАУ-ын Үндэсний хөгжил, шинэчлэлийн хороо даваа гарагт гаргасан товч мэдэгдэлдээ дээрх хэлцлийг хүчингүй болгох тушаал өгчээ.
Энэхүү шийдвэр нь БНХАУ-ын эрчимтэй хөгжиж буй хиймэл оюун ухааны салбарт гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг бууруулах төлөвтэй байна.