logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Нийгэм
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    2026 онд 105 нэгж газрыг нөхөх олговортой чөлөөлнө
    Нийтэлсэн огноо: 2026 оны 04 сарын 28 09:45
    912

    Зургийг: ulaanbaatar.mn

    Гандангийн тохижилтын ажлын хүрээнд 55 нэгж талбарт газар чөлөөлөхөөс 40 нэгж талбарыг чөлөөлөөд байна

    Баянгол дүүргийн XVI хороо, Гандан  орчимд 1.6 га талбайг чөлөөлж, жишиг гудамж болгон тохижуулах бүтээн байгуулалтын ажил хийгдэж байгааг Нийслэлийн Засаг даргын тамгын газар мэдээллээ. Гандангийн тохижилтын ажлыг эрчимжүүлж, бусад газар чөлөөлөлтийг шуурхай зохион байгуулах зорилгоор Нийслэлийн Засаг даргын 41 удаагийн захирамжаар 130 нэгж талбарын 16.89 га талбайг чөлөөлөөд байна.

    Гандангийн 55 га газрыг бүхэлд нь чөлөөлж, Гандангийн дэнжийг Улаанбаатар хотын хамгийн том цэцэрлэгт хүрээлэн болгохыг зорьж байгаа юм.

    Гандангийн газар чөлөөлөлтийг 2025 оны зургаадугаар сард эхлүүлсэн бөгөөд энэхүү ажлын хүрээнд 55 нэгж талбарт газар чөлөөлөхөөс 40 нэгж талбарыг чөлөөлөөд байгаа аж. Үлдсэн 15 нэгж талбарын 13 нэгж талбарын үнэлгээний тайлан хийгдсэн бөгөөд зөвшилцлийн шатанд үргэлжилж байна.

    2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд 105 нэгж газрыг нөхөх олговортой чөлөөлөхөөр тусгагджээ. Нийт 83 нэгж талбарт нөхөх олговрын тайлангийн үнэлгээ хийгдсэн байна. Мөн таван айлын нөхөх олговрыг олгож, гэрээ байгуулжээ. Нийт 160 нэгж талбар буюу таван га талбайд газар чөлөөлөлт үргэлжилж байгаа аж.

    Гандан орчмын газарт 1800 айл амьдарч байгаа бөгөөд 700-800 нэгж талбарыг бүхэлд нь чөлөөлнө. Гандан тойрсон худалдаа, үйлчилгээний төвүүд ч мөн газар чөлөөлөлтөд хамрагдах юм байна.

    Үүнээс гадна Сүхбаатар дүүргийн есдүгээр хороо, Ногоон нуур орчмын 5.5 га талбайд хиймэл нуур, ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөөд байна. Ногоон нуур орчимд хиймэл нуур, ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн, олон нийтийн үйл ажиллагаа явуулах задгай талбай, тоглоомын талбай, явган болон дугуйн зам, авто зам, авто зогсоол байгуулж, тохижуулна. Төслийн хүрээнд нийт 85 нэгж талбар чөлөөлөхөөс 69 нэгж талбарыг нь чөлөөлөөд байгаа аж.

    Зураг төслийн ажил нь бүрэн дууссан бөгөөд магадлалын ерөнхий дүгнэлт гарсны дараа тохижилт, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхийг УБЗАА-ны Хот тохижилтын хэлтсийн дарга Б.Даваабаяр  мэдээллээ. 

    Эдгээр төслийг Төр,  хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх юм. 2025 онд нийслэлийн 204 хороонд тохижилт, засвар шинэчлэлтийн ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна. Энэ хүрээнд нийт 582 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлснээс 52 хувь нь инженерийн байгууламжийн ажил, үлдсэн 48 хувь нь тохижилтын ажил байжээ.

    Энэ онд нийслэлийн хэмжээнд 4729 га талбай буюу 20,218 нэгж талбарт газар чөлөөлөх жагсаалтыг Нийслэлийн Засаг даргын тамгын газар мэдээлж байсан юм. Газар чөлөөлөлтийн нөхөн олговорт нийслэлийн төсвөөс 200 тэрбум төгрөг зарцуулахаар батлаад байгааг тодотгож байв. 

    Cэтгэгдэл бичих