logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    “Туул хурдны зам” төслийг зогсоолоо
    Нийтэлсэн огноо: 2026 оны 04 сарын 22 14:15
    252

    Зургийг: ulaanbaatar.mn

    Хууль хяналтын байгууллага хяналт шалгалт явуулж дуустал “Туул хурдны зам” төслийг зогсоож буйг Ерөнхий сайд мэдэгдлээ

    Засгийн газрын ээлжит хуралдаанаар нийслэлийн 24 мега төслийн нэг болох “Туул хурдны зам” төслийг зогсоохоор шийдвэрлэлээ. Нийт 2.3 их наяд төгрөгийн төсөвт өртөг бүхий дээрх төсөлтэй холбоотой асуудлаар иргэд, улс төрийн намууд Ерөнхий сайдад удаа дараа шаардлага хүргүүлсэн юм.

    Олон нийтийн төөрөгдөл, мэдээллийг нэг талд нь гаргаж, үнэн зөвийг тогтоох ёстой тул хууль хяналтын байгууллагаас хяналт, шалгалт явуулж дуустал төслийг зогсоож байгааг Засгийн газар мэдээллээ.

    Үүнээс өмнө УИХ дахь Ардчилсан намын бүлгээс “Туул хурдны зам” төслийн ажлыг бүр мөсөн зогсоох шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлж байсан бөгөөд үүнд нийслэлээс төслийн гүйцэтгэгчид 500 орчим тэрбум төгрөгийн урьдчилгаа олгосон асуудлыг дурдаж байв.

    Харин Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарын зүгээс гүйцэтгэгчид хуульд нийцүүлж, банк, даатгалын баталгааг үндэслэн урьдчилгаа төлбөр өгсөн. Гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендер гурван удаа зарлаж, хамгийн боломжит санал өгсөн компанийг сонгон шалгаруулсан гэж тайлбарлажээ.

    Төслийн бүтээн байгуулалтын ажлыг гуравдугаар сарын 15-нд эхлүүлсэн ч тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөө батлуулаагүй гэсэн үндэслэлээр энэ сарын 08-нд хууль нийцүүлэх хүртэл түр зогсоож байгааг салбарын яам мэдээлж байв. Дээрх төлөвлөгөөг даваа гарагт салбарын яамнаас баталснаар барилгын ажил нь үргэлжлэх нөхцөл бүрдээд байсан юм.

    "Туул хурдны зам" нь Баянзүрхийн товчооноос баруун аймгийн чиглэлийн аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээтэй, 32 км урт үргэлжилнэ. Нийт найман байршилд хоёр түвшний уулзвар, 13 байршилд 9.8 км урт гүүрэн байгууламж, дөрвөн байршилд 190 метрийн урттай туннельтэй байх зураг төслийг боловсруулсан аж.

    Cэтгэгдэл бичих