
Зургийг: Samuel Corum/Bloomberg
(Bloomberg) -- Ойрх Дорнодын дайн газрын тосны томоохон хямралыг өдөөсөнтэй холбоотойгоор Олон Улсын Валютын Сан нэгдүгээр сард танилцуулсан дэлхийн эдийн засаг энэ онд 3.3 хувиар өснө гэсэн төсөөллөө бууруулж, 3.1 хувь болголоо. Мөн дайн сунжирч, эрчим хүчний дэд бүтэц ноцтой гэмтсэн тохиолдолд дэлхийн эдийн засаг агших эрсдэлтэйг анхааруулав.
Энэ нь дайн харьцангуй богино хугацаанд дуусаж, эрчим хүчний үнэ энэ онд бага зэрэг өснө гэсэн эерэг хувилбарт үндэслэсэн төсөөлөл юм байна.
АНУ болон Израил хоёрдугаар сарын 28-нд Иран руу халдсанаас хойш дэлхийн эдийн засагт тодорхойгүй байдал нүүрлээд буй.
Үүнтэй холбогдуулан Олон Улсын Валютын Сан шинэчилсэн төсөөллөө гаргахдаа давхар хоёр боломжит хувилбарыг дэвшүүлсэн байна. Тухайлбал: хамгийн сөрөг төсөөлөлд дэлхийн эдийн засгийн өсөлт хоёр хувиас доогуур түвшинд байх буюу эдийн засгийн идэвхжил эрс суларна гэж тооцоолжээ.
Харин хөгжиж буй орнуудын энэ оны өсөлтийн төсөөллөө 0.3 нэгж хувиар бууруулж, 3.9 хувь болгосон байна. Үүсээд буй хямралд хөгжиж буй орнуудад хамгийн хүндээр нөлөөлөх төлөвтэйг анхааруулжээ.
Түүнчлэн Олон Улсын Валютын Сан дэлхийн инфляц 2025 онд 4.1 хувь байснаасаа эрчимжиж, энэ онд 4.4 хувьд хүрэхээр байна гэж төсөөлсөн нь хамгийн эерэг үзүүлэлт болж байна. Үүнд эрчим хүч, хүнсний бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт голлон нөлөөлнө гэж үзжээ.