
Зургийг: Ардчилсан Намын Бүлэг
УИХ-ын дарга Н.Учрал өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгөхгүй бол огцруулах арга хэмжээнд шилжихээ УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл мэдэгдлээ.
Таван нам эвслээс бүрдсэн Парламентыг аль нэг намын дарга удирдах ёсгүй гэж Ардчилсан намын бүлэг үзэж, УИХ-ын даргыг ажлаа өгөх хүртэл чуулганы нэгдсэн хуралдаанд оролцохгүй гэдгээ тодотгож буй.
Мөн авлигын асуудалд нэр холбогдоод байгаа Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярыг даруй ажлаа өгч, шалгуулах ёстой гэсэн шаардлага тавьж байна. УИХ-ын нэр бүхий гишүүд авлигын хэрэгт нэр холбогдож буй асуудлуудаар УИХ сонсгол зохион байгуулах шаардлагатай гэж Ардчилсан намын бүлэг үзэж буйгаа мэдээллээ.
УИХ-ын хаврын чуулган эхлээд 10 хоносон ч чуулган хуралдаж чадахгүй байгаа нь Төр, УИХ-ын тогтвортой үйл ажиллагааг тасалдуулж байгаа тул УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, улс төрийн шийдвэр гаргах шаардлагатай гэсэн байр суурийг УИХ-ын дарга Н.Учрал хэллээ. Мөн тэрбээр "Дөрөвхөн сарын өмнө УИХ-ын даргаар сонгож дэмжсэн мөртөө нэг намын дарга УИХ-ын дарга байх ёсгүй гэдэг хууль бус шаардлага тавьж буй"-г тодотгож байна.
Пүрэв гарагийн 10.00 цагт чуулганы нэгдсэн хуралдаан эхлэх хуваарьтай ч 13.00 цагийн байдлаар ирц 45.2 хувьтай буюу 126 гишүүнээс 57 гишүүн ирсэн. Ирц бүрдээгүй тул чуулганы хуралдааныг хойшлуулсан юм.