
Зургийг: parliament.mn
УИХ-ын дарга Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүргийг түр орлон хэрэгжүүлж байгаатай холбоотойгоор УИХ-д суудал бүхий нам, эвслийн дарга нарын бүрэлдэхүүнтэй Зөвшилцөх зөвлөл байгууллаа.
Зөвлөлийн анхны уулзалтаар Ерөнхийлөгч шинээр сонгогдон ажилдаа орох хүртэлх хугацаанд улс орны тогтвортой байдлыг хангах, нийгэмд талцал, хуваагдал, сөргөлдөөнтэй байдал үүсгэхгүй байх, улс орны нийтлэг эрх ашгийг эн тэргүүнд тавьж ажиллах асуудлыг хөндөн ярилцсаныг УИХ-ын ХМОННХ мэдээлсэн байна. Мөн УИХ-д суудалтай улс төрийн нам, эвслийн удирдлагууд санал зөрөлдөөнтэй аливаа асуудлыг яриа хэлэлцээний замаар зөвшилцөж шийдвэрлэх, сонгуультай холбоотой хамтарсан ажлын хэсэг байгуулах, сонгуулийг хууль тогтоомжийн хүрээнд шударга явуулах зэрэг асуудлаар саналаа солилцсон байна.
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга, Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгчийн үүргийг Монгол Ардын Намаас сонгогдсон улс төрийн албан тушаалтан гүйцэтгэх ёсгүй гэх байр суурийг илэрхийлж байсан юм.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ажлаа өгснөөр 2027 оны зургаадугаар сард болох байсан Ерөнхийлөгчийн сонгууль хугацаанаасаа өмнө зарлагдахаар болоод буй.
Үндсэн хуульд зааснаар Ерөнхийлөгч огцорсон, нас нөгчсөн, хүсэлтээрээ чөлөөлөгдсөн бол Ерөнхийлөгч шинээр сонгогдож тангараг өргөх хүртэл бүрэн эрхийг нь Улсын Их Хурлын дарга хэрэгжүүлнэ. Энэ тохиолдолд Улсын Их Хурал Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийг дөрвөн сарын дотор зарлан явуулна.
Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиар ээлжит бус сонгууль зарлахаар бол УИХ 12 дугаар сарын 20-ноос өмнө тодруулах хуулийн зохицуулалттай. Хуулиараа дөрвөн сарын дотор ээлжит бус сонгуулийг зарлах учиртай. Ээлжит бус сонгуулийг хуулийн хугацаагаар нь тооцоход 2027 оны гуравдугаар сарын 19-20-ны өдрөөс өмнө зохион байгуулахаар байна. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар ээлжит бус сонгуулийг 2027 оны гуравдугаар сарын 17-нд товлохоор тооцоолжээ.
Парламентад суудалтай нам, эвслүүд нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд сонгуулийн сурталчилгаа санал авах өдрөөс 16 хоногийн өмнө эхэлнэ. Тухайлбал: Ерөнхийлөгчийн сонгуульд УИХ-д суудалтай таван нам оролцох эрхтэй байна.