
Зургийг: parliament.mn
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайд Г.Занданшатар бүрэн эрхийнхээ хүрээнд Засгийн газрын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөд буй Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Боловсролын сайд П.Наранбаяр нарыг чөлөөлөх, УИХ-ын гишүүн Б.Найдалаа, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан нарыг Эрчим хүчний болон Боловсролын сайдаар томилох талаар хэлэлцэх хуваарьтай байсан ч гишүүдийн ирц хүрээгүй тул хуралдааныг хойшлуулж буйг УИХ-ын дарга Н.Учрал мэдээллээ.
Ардчилсан намын бүлгээс УИХ-ын даргаар аль нэг намын дарга ажиллаж болохгүй гэсэн зарчмын шаардлага тавьж, чуулганы нэгдсэн хуралдаанд оролцохгүй гэж мэдэгдээд байгаа юм. Ардчилсан намын дарга О.Цогтгэрэлийн хувьд Монгол Улсын Үндсэн хуулийн 24 дүгээр зүйлд аль нэг намын дарга УИХ-ын даргаар ажиллахгүй байх нь зүйтэй гэсэн агуулга байгааг онцоллоо.
Харин УИХ-ын дарга Н.Учрал "Аль нэг улс төрийн нам, эвслийн дарга УИХ-ын даргаар ажиллаж болохгүй гэсэн хүчин төгөлдөр хэрэгжиж буй хууль байхгүй. Тиймээс хуулиа хэрэгжүүлж ажиллана" гэж мэдэгдсэн юм.
Мөн УИХ дахь намуудын бүлгийн дарга нар гишүүдийн үүрэг хүлээдэг тул ирцээ бүрдүүлж, бүлгүүдийн хуралдаанаа хийхийг санууллаа.