
Зургийг: Qilai Shen/Bloomberg
(Bloomberg) -- БНХАУ-ын 2026 оны эхний хоёр сарын гол эдийн засгийн үзүүлэлтүүд шинжээчдийн таамгаас харьцангуй эерэг гарлаа. Энэ нь Ираны дайн дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт, инфляцын төлөвт сөргөөр нөлөөлж эхлэхээс өмнө БНХАУ-ын эдийн засаг сэргэж байсны дохио юм. Тодруулбал: экспортын гэнэтийн өсөлтийн ачаар I-II сард аж үйлдвэрийн гарц нь өмнөх оны мөн үеэс 6.3 хувиар тэлснийг тус улсын Үндэсний статистикийн товчоо даваа гарагт мэдээллээ. Энэ нь өнгөрсөн оны есдүгээр сараас хойших хамгийн өндөр өсөлт болж байна.
Үүнээс гадна дотоодын эрэлтээс хамааралтай бусад салбарууд ч энэ оныг эрчтэй эхлүүлж байна. Тухайлбал: оны эхний хоёр сард жижиглэн худалдааны борлуулалт нь өмнөх оны мөн үеэс 2.8 хувиар өссөн нь 12 дугаар сарын үзүүлэлтээс гурав дахин өндөр үзүүлэлт боллоо.
Түүнчлэн 2025 онд түүхэндээ анх удаа буураад байсан үндсэн хөрөнгийн хөрөнгө оруулалт энэ оны эхний 2 сард 1.8 хувиар өсжээ.
Түүхий эдийн үнийн өсөлтийн нөлөөгөөр үйлдвэрлэлийн салбарын хөрөнгө оруулалт мөн адил уналтаа эцэслэж, 3.1 хувиар өссөн гэж “Mizuho Securities” банкны шинжээч мэдээллээ. Хэдий тийм боловч эрэлт бодитой сэргэж эхэлсэн эсэхийг хэлэхэд эрт байгааг онцолжээ.